Б.Бат-Эрдэнэ: Манай тойргийн хувьд бол хэдэн асуудал байгаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй улс орны хөгжил, цэцэглэлт хэтийн төлөв байдлын талаар ярилцсан юм.
-Төрийн түшээ хүний хувьд эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?
-Нэг үеэ бодвол олон давхар байшин барилга, хурд, хүчтэй машин, техник, өнгө өнгийн рекламны самбар гээд нүдэнд харагдах юм ихтэй болсон байна. Гэхдээ энэ бүхэн гадна талаасаа харагдах хэлбэр юм. Энэ бол хөгжил биш. Миний хувьд эх орныхоо хөгжилд тийм
ч сэтгэл ханамжтай байдаггүй.
-Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юу вэ?
-Мэдээж хүн өөрөө шүү дээ. Цэцэглэлт гэж ярихаасаа өмнө хүний хөгжлийн талаар анхаарах ёстой. Тиймээс аливаа улс орны хүний хөгжлийн асуудал ямар түвшинд байгааг тодорхойлох учиртай. Сүүлийн хэдэн жилд манай улсын хүүхэд, залуусын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил буурсан. Мөн оюун Санаа, ёс суртахууны төлөв байдал доройтож байна. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг, сэтгэл эмзэглэхгүй байхын арга алга байна шүү дээ.
Хүмүүсийн амьдрал өөдлөхгүй байгааг улс орны эдийн засагтай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, ард түмний ядуурлыг өмсөх хувцас, идэх хоолоор хязгаарлаж байгаа нь тиймхэн санагддаг. Үнэн чанартаа миний хэлээд байгаа эрүүл мэнд, бие бялдар, хүний оюун ухааны асуудлыг мөн адил орхиж болохгүй. Эдгээрийг төр засаг адилхан түвшинд хөндөн, хамгийн түрүүнд арга хэмжээ авах учиртай гэж боддог. Ингэснээр тухайн улс, үндэстний хөгжлийн хэмжүүрийг эдгээр шалгуураар тогтоох нь хамгийн зөв шийдэл юм.
-Манай улсыг эдгээр шалгуураар хэмжвэл ямар түвшинд байгаа бол?
-Үнэнийг хэлэхэд, залуусын маань ерөнхий байдал доройтож байгаа учраас шалгуурыг 100 хувь хангалттай давна гэж хэлэхэд хэцүү байна. Тийм ч учраас манай улсын хөгжил сайжрахгүй байгаа нь үүнээс улбаатай байх.
Мөн аливаа улс орны оршин тогтнох үндэс нь хүний хөгжил болон байгаль дэлхийтэйгээ хэрхэн харилцаж байгаагаас шалтгаална. Харин манай улсын хувьд эх болсон байгаль маань өдрөөс өдөрт хүний гараар хөнөөгдөн "цаазын тавцанд хүрэхэд ойрхон болж байна. Уух ус, амьсгалах агааргүй болж байгааг хэн хүнгүй мэднэ. Тэр ч бүү хэл гишгэх ч газаргүй болох нь байна шүү. Тиймээс энэ бүхэнд төр засаг анхаарлаа хандуулах цаг нь аль хэдийн болжээ.
-Таны бодлоор манай улсын хөгжлийн түлхүүр аль салбартаа байдаг вэ?
-Манай улс 1990 оноос хойш хүнд бэрх олон давааг туулж чадсан. Харин хүний хөгжлийн асуудлаа гаргуунд нь хаясан юм болов уу гэж би хувьдаа боддог.
Монгол Улсын хөгжлийн түлхүүр уул уурхайн салбартаа байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тухайлбал, Эрдэнэтийг түшиглэсэн зэсийн үйлдвэр манай улсын эдийн засгийн ганц "саалийн үнээ" шүү дээ. Гэхдээ эдийн засгийн бүтцээ өөрчлөх цаг нь болсон.
-Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унахад манай улсын эдийн засаг хэцүүдэж байгааг бид харж байна. Тэгэхээр манай оронд зэсээс өөр амь зогоох ямар нэгэн юм байх ёстой. Зэсний үнэ цэнийг юугаар орлуулж болох вэ. Таныхаар?
-Байлгүй яах вэ. Өргөн уудам тал нутгийнхаа байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг экспортлож болно шүү дээ. Ядаж л гадагш нь гаргаж мөнгө олдоггүй юм гэхэд иргэдээ 100 хувь хангах боломж манайд бий. Үүнийг ч төр засаг анхаарч атрын аян хүртэл зарласанд иргэн хүнийхээ хувьд сэтгэл хангалуун байдаг.
Мөн сэтгэл эмзэглүүлсэн бас нэг асуудал байна. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам бид хийж чаддаг ажлаа гаргуунд нь хаях болжээ. Тухайлбал, Монголын ноолуур дэлхийд брэнд болж байсан цаг үе саяхан. Тэр ч бүү хэл жилд 6000 тн ноолуур бэлтгэдэг байлаа шүү дээ. Тухайн үед Японы тусламжаар баригдсан "Говь" үндэсний үйлдвэр нь дэлхийн улс орнуудыг гайхшруулдаг байсныг хэн хүнгүй мэднэ. Энэ үйлдвэрийн сүлжмэл бүтээгдэхүүн, самнаж, ээрсэн ноолууран утас нь дэлхийн зах зээлд ямар их гүйлгээ сайтай байсан билээ. Бид тэгэхэд өнөөдөр энэ зах зээлээ Хятадад алдчихаад сууж байна. Соц нийгмийн үед мах, махан бүтээгдэхүүнээ хойт хөрш рүү гаргадаг байсан.
Одоо ч энэ харилцаа сэргэх төлөвтэй байгаа. Түүгээр ч зогсохгүй манай улс өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох анхны шатаа гишгэчихсэн байгаа гэж бодож байна. Өнгөрсөн онд Говь-Алтай, Баянхонгор аймгийн ямааны ноолуур дэлхийн түвшинд микроны үзүүлэлт нь сайн гарсан. Мөн манай улсын малын тоо толгой 42.5 саяд хүрсэн.
Үүнээс жилд долоон саяыг нь л хэрэглэдэг гээд бодохоор бас л нааштай сонсогдож байгаа биз. Одоо УИХ мал руугаа чиглэсэн бодлого боловсруулж чадвал Монголын гэсэн тодотголтой зах зээлийг дэлхийд цогцлоох боломж байна гэсэн үг. Мөн манай оронд ургадаг чацаргана дэлхийн эмийн ургамлын зах зээлд орон зай эзлэх бүрэн боломжтой. Тэгээд ч манай улсын эдийн засагт энэ ажлын шав нь сайн үнэлгээтэй тавигдаж байсан түүх бий.
Харин одоо бас л цагийн аясаар хөсөр хаягдаж дээ.
-Аливаа асуудал хоёр талтай байдаг. Хөгжлийн "уяа, чөдөр" нь юу вэ?
-Хөгжлийг саармагжуулдаг ганц хүчин зүйл нь төрийн бодлого юм. Харин манай улсын хувьд дээдэс, доодосгүй зангидсан гар шиг эв нэгдэлтэй байж чадвал үсрэнгүй хөгжилд хүрэхэд ойрхон байна.
-Манай улсын хөгжлийн "уяа чөдөр" юу вэ?
-Мэдээж манай улсын хөгжлийн "түлхүүр" уул уурхайн салбартаа байдаг. Харин хөгжлийн "уяа чөдөр" нь энэ салбарыг хөгжүүлэх боловсрол дутмаг байгаагаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, гадна дотны хөрөнгө оруулагчдын туршлагын талаар мэдэхгүй байна. Энэ талын боловсон хүчинг төр засаг бодлоготойгоор гадагш нь явуулж сургаагүй. Мөн уул уурхайн нарийн мэргэжлийн цөөхөн мэргэжилтэн л байна. Тэгээд ч сүүлийн хэдэн жил л уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв гэж ярьж байна шүү дээ. Түүнчлэн өмнө нь бид газрын баялагаа нинжа маягаар ашигладаг байсан. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо гэх мэт бүх уурхай түүхийгээр нь гадагш зөөдөг байсан нь үнэн биз дээ.
-Аливаа улсын хөгжлийн үндэс брэнд болсон үйлдвэр-тээ байдаг. Манай орны хувьд үйлдвэржилт гэж ярьдаг боловч үнэн чанартаа дэлхийд танигдсан ганц ч үйлдвэр алга. Шалтгаан нь юу вэ?
-Гадны орнуудаар явж байхад бидний төсөөлдөг шиг үйлдвэрийн районтой улс байхгүй. Харин жижиг, дунд үйлдвэрийг нэгтгэн хооронд нь уялдаа холбоотой ажиллуулдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд нь нэгдэн ажиллаж байгаад үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг. Тухайлбал, тухайн улс машин үйлдвэрлэдэг гэж бодоход нэг үйлдвэр нь эрэг шурга хийж, нөгөөх нь дугуй бүтээдэг ч юм уу гэх мэт. Иймэрхүү маягаар эхний ээлжинд ажиллаж сурах хэрэгтэй.