Уул уурхайн сургагч багш бэлтгэж эхэллээ
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байгын хорооны дарга Ц.Баярсайханы санаачлагаар 2010 оны 10 дугаар сард АНУ-ын Хөгжлийн Агентлагтай хамтарч орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтнууд болон иргэдэд уурхайн циклийн тухай мэдлэг олгож, уурхайтай холбоотой маргаан шийдвэрлэх арга механизм, төлөвлөлт зэрэг асуудалд тэдний оролцоо, хүлээх үүргийн талаархи ойлголтыг нь дээшлүүлэх зорилготой “Эрдэс баялаг, ашигт малтмал, уурхайн цикл ба орон нутгийн засаг захиргаа, иргэдийн харилцаа” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ.
Энэ чуулга уулзалтын дараагийн шатны арга хэмжээ болох уул уурхайг хэрхэн зөв хөгжүүлэх, түүнд иргэд хэрхэн оролцох, иргэдийн уул уурхайн талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын Хөгжлийн агентлагийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөлтэй хамтран уул уурхайн сургагч багш нарыг бэлтгэж эхлээд байна.
Өмнөговь аймгаас анх удаа гараагаа эхэлж байгаа уг сургалтын анхан шатны сургалтанд манай аймгийн найман хүн оролцоод ирлээ.
Сургагч багш нарыг 2010 оны 6 дугаар сарын 15-18 ны хооронд улаанбаатарт сургалтад хамруулсан билээ. Сургалт, сурах бичиг, хоол болон байрны зардлыг тус агентлагийн талаас хариуцаж Ц.Баярсайхан дарга тээврийн зардлыг бүрэн хариуцсан байна. Есөн сараас дараагийн шатны сургалтыг зохион байгуулах бөгөөд дээрх сургалтанд бэлтгэгдсэн найман хүн уул уурхай түлхүү хөгжиж буй сумдын иргэдэд хүрч ажиллах юм.