"Архангай аймгийн 2010 оны төсөв, төсвийн хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлууд" сэдвээр ярилцалаа
2009.10.08

"Архангай аймгийн 2010 оны төсөв, төсвийн хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлууд" сэдвээр ярилцалаа

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд онлайнаар сонгогчидтойгоо уулзлаа. УИх-ын Тамгийн газраас зохион байгуулсан энэ ярилцлагад УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Р.Гончигдорж, С.Ламбаа оролцож сонгогчдынхоо асуултад хариуллаа.

Онлайнярилцлага нь "Архангай аймгийн 2010 оны төсөв, төсвийн хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлууд" сэдвийн дор өрнөсөн бөгөөд Архангай аймгийн сонгогчдыг төлөөлөн иргэдийн төлөөлөл, аймгийн ЗДТГ-ын ажилтнууд оролцсоны зэрэгцээ тус аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Уулзалт ярилцлага гишүүдийн сонгогчиддоо хандсан үгээр эхэлсэн юм. Тухайлбал, Н.Батбаяр гишүүн энэхүү уулзалт ярилцлага нь 2010 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийн өмнөхөн болж байгаагаараа онцгой ач холбогдолтойг дурдсан бол, гишүүн Р.Гончигдорж төсвийн тулгамдсан асуудлаа оновчтой тодорхойлж ирүүлэх хэрэгтэйг анхааруулж, мөн гишүүн С.Ламбаа ЭМ-ийн сайдын хувьд Засгийн газрын баримталж буй бодлогыг ойлгуулахыг чухалчилж байлаа.
С.Ламбаа сайд 2 дугаар шатлалын эмнэлгүүд нь орны тоогоор бус оношийн бүлгээрээ санхүүжих болсон нь эмнэлгүүдэд ашигтай тусч буйг тайлбарлаад ЗГ-аас салбар хоорондын өр авлагын асуудалд зохицуулалт хийж байгаа, мөн нэгэнт баригдаад эхэлсэн барилгуудыг барьж дуусгах санхүүжилтийг илүү дэмжих бодлого барьж байгаа зэргийг дурдаж байсан бол Н.Батбаяр гишүүний хувьд Архангай аймгийн нүүрсний татан авалт ямар байгааг асууж, гал алдах вий хэмээн анхааруулж байлаа.

Архангай аймгийн удирдлагууд болон иргэдийн зүгээс байгууллагуудын өр төлбөрийн асуудал, өрхийн эмнэлгийн санхүүжилт, газар олголт ба эрчим хүчний асуудал, аймгийн ойн сан бүхий 12 сумын нутаг хортон шавжаас болж хүнд байдалд ороод байгаа, мөн бэлчээрийн талхлалт, малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн зохистой зарцуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр гишүүдтэйгээ санал бодлоо солилцсон юм.
Н.Батбаяр гишүүн ойн хортон шавжийг устгах талаар БОЯ болон Ойн газартай ойлголцолд хүрч, шавж устгалын үйл ажиллагаанд зарцуулагддаг байсан 600 сая төгрөгийн төсвийг нэмэгдүүлэн 2010 оны төсөвт суулгасан тухай ярьсан бол, Р.Гончигдорж гишүүн хулгана, худаг ус, малын хулгай хэмээх гурван асуудал анхаарал татаж буйг онцлоод худаг гаргахаасаа өмнө усны хайгуулын ажилд хөрөнгө зарцуулахгүй бол шинээр худаг гаргачихдаг ч тэр нь жилийн дараа усгүй болоод байгааг анхааруулж байв.
С.Ламбаа сайдын хувьд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт их засвар хийгдэж байгаа, мөн тус аймагт Халдвартын ба Хүүхдийн эмнэлгүүдийг шинээр барьж байгаа зэрэг ажлуудаа онцлон дурдаад ЗГ-ын бүтцийн нэг хэсэг болох Засаг дарга нарын зүгээс ажилдаа илүү нухацтай хандаж ажиллах хэрэгтэйг анхааруулж байсан.
Онлайн ярилцлагын явцад Архангай аймгаас онлайн ярилцлагад оролцогчид 1,5 сая төгрөгийн талаар болон Ерөнхий сайдын тус аймагт ажиллахдаа өгсөн амлалтын биелэлт зэрэг зарим асуудлыг тодруулан асууж хариулт авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.