Говийн бүсийн дэд бүтцийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүслээ
-Учир нь орд газруудаас гарч байгаа нүүрсийг олон тооны авто машинаар тээвэрлэн, хил орчимл буулган дахин тээвэрлэлт хийж байгаа нь иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэнэ-
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нар өчигдөр төрийн гурван өндөрлөгт хандан хүсэлт тавьжээ.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газруудын зарим хэсгийг ашиглаж байгаа бөгөөд олборлосон бүтээгдэхүүнээ БНХАУ-руу экспортолж буй аж. Үүнтэй уялдаад тус бүс нутагт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарчээ. Учир нь орд газруудаас гарч байгаа нүүрсийг олон тооны авто машинаар тээвэрлэн, хил орчимд буулган дахин тээвэрлэлт хийж байгаа нь иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа төдийгүй малчид өвөлжөө, хаваржаагаа орхин дүрвэхээс аргагүй байдалд хүрчээ. Мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Хэдийгээр өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын 47 дугаар тогтоол гарч, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 квт-ын эрчим хүчний шугам, Улаанбаатар-Мандалговь, Даланзадгад, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгойн авто зам барих асуудлыг тусгасан. Мөн Засгийн газар нь Нарийн сухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам барих зөвшөөрлийг холбогдох компаниудад олгож, тодорхой хугацааны дараа 51 хувийг төрд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу төмөр замын гэрээнүүдийг Төмөр замын газар эцэслэн байгуулж, холбогдох зөвшөөрлийг олгосон авч дээр дурдсан ажлууд зогсонги
байдалд орж, авто зам барих ажил эхлэхгүй, төмөр зам тавих асуудалд зарим байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт шахалт үзүүлж эхэлжээ. Тиймээс эрхэм гишүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Засгийн газрын тэргүүн С.Баяр нарт хандаж
говийн бүсийн дэд бүтцийн асуудалд онцгой анхаарахыг энэхүү хүсэлтдээ уламжлан асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Мөн энэхүү хүсэлтдээ иргэд, сонгогчдын санаа бодлыг иш үндэс болгосныг ч сануулжээ.