Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
2017.05.24

Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Засгийн газраас 2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.

Төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцууллаа. Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. ЭЗХХАС нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлсэн, түүнчлэн 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын өртөг бүхий таван төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм. Энэхүү зээл нь 46.3 хувийн хөнгөлөлттэй түвшинтэй байгаа бөгөөд Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулийн ангилалаар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын  гэрээний төсөл, эсхүл эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно” заасны дагуу танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Ингээд Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжих санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.