Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа
Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг сонслоо.
Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан ажилласан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд шалгалтын дүнг танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 тоот тогтоолоор Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан, нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцэлүүдийн үр дүнд шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсгийг бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нар ажиллажээ.
2012, 2013, 2014 онд инфляцийн түвшин зорилтот түвшнээс хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл нэг оронтой тоонд байлгах, 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх, 2014 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг 2012 онд 14 хувь, 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11 хувь болгож хэтрүүлсэн байна. 2015, 2016 онд инфляцийг 7 хувьд барихаар төлөвлөсөн байсан ч 2015 онд 1.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай байсан дүн мэдээ гарчээ. 2012-2014 онд инфляцийн зорилтот түвшнээс хэтрүүлсэн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой хэмээн үзсэн байна.
Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлүүдээс гадна “Чингис” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн гэжээ. Энэ хугацаанд Монголбанкны мөнгөний бодлого Засгийн газрын төсвийн бодлогын харилцан уялдаа, хамтын ажиллагаа дутагдалтай байсан хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна.
Үүнээс үүдэн инфляци өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь мөнгөний бодлогын зорилт хангагдахгүйд хүргэсэн гэлээ. 2015, 2016 онд инфляци зорилтот түвшингээс доогуур гарсан нь өмнөх жилүүдийн алдаатай мөнгөний бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засгийн агшилт нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 2012 онд 7.6 их наяд, 2013 онд 9.5 их наяд, 2014 онд 10.6 их наяд, 2015 онд 10 их наяд, 2016 онд 12.0 их наяд төгрөгийг тус тус зах зээлд нийлүүлсэн байна.
Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлүүдэд Ажлын хэсэг анхаарал хандуулан ажилласан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулгадаа онцоллоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл 866.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 1,045 тэрбум төгрөгт хүрч өсчээ. Нийт банкны системд чанаргүй зээл 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 879.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 864.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээлийн өсөлт 2014 оны эцсээс 59 хувиар өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. Тэр дундаа гадаад валютын зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон гадаад валютын зээлийн эргэн төлөлт харьцангуй муу байгааг Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэмдэглэсэн байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны уламжлалт бус бодлогын арга хэрэгслийн үндэслэл, хяналтын тогтолцоо, Монголбанкнаас гаргасан тушаал шийдвэрүүд хууль тогтоомжид нийцэж буй эсэх, нээлттэй байдлын талаар танилцуулсан. Мөн Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцэлүүд, тэдгээрийн үр дүн, Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл, үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, тус банкны зөвлөл, хяналтын зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайханы танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэллээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд өнгөрсөн 2012-2016 онд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн алдаатай бодлогууд, хууль бус шийдвэр, арга хэмжээний үр дүнд олон аж ахуйн нэгж хохирч, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учирсан тул Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсаны дагуу тухайн үеийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Ингээд хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллаж, дээрх шалгалтын үр дүнтэй холбоотой УИХ-аас гаргах шийдвэрийн төслийг боловсруулахыг үүрэг болгов.