Д.Оюунхорол: 1000 эмэгтэй чуулж,хөгжлийн төлөө ярилцана
2011.11.07

Д.Оюунхорол: 1000 эмэгтэй чуулж,хөгжлийн төлөө ярилцана

УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ардчилал-МЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхоролтой удахгүй болох 1000 эмэгтэйн чуулган, УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийн банк байгуулах санаачилга болон УИХ-ын гишүүний хувиар хийж байгаа ажлынх нь талаар ярилцлаа. Тэрбээр хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогын талаар ч мөн байр сууриа илэрхийлсэн юм.
-УИХ-ын гишүүд сүүлийн үед тун завгүй, шахуу хуралдаж байна. Ирэх оны төсвийн төсөл гэсэн чухал асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ асуудалд та ямар хувь нэмэр, үүрэгтэй оролцож байна вэ?
-2012 оны төсвийг УИХ-аар хэлэлцээд цаг зав муутай, хурал ихтэй  л  байх шив дээ. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн  онд  зургаа орчим хувьд хүрсэн. Харин энэ оны эцсээр 20, 2012 онд   25.5 хувьд хүргэхээр тооцоолж байгаагаа Ерөнхий  сайд танилцуулсан. Эдийн засгийн энэ үсрэнгүй хөгжлийг иргэд, олон нийтийнхээ амьдралд хүргэх Монгол эх орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглүүлэх ёстой. Ажилгүйдэл, ядуурлаас гарахын тулд үйлдвэржилтийг  эрчимжүүлж, уул уурхайн баялгаа дотооддоо боловсруулах үйлдвэр барьж, олон мянган ажлын байр бий болгох зорилт тавьж байна. Ингэснээр иргэд маань ажилтай, орлоготой , ирээдүйдээ итгэлтэй амьдрах нөхцөл бүрдэнэ. Гадаад явж ажиллах хүсэлтэй залуус ч өөрийн эрхгүй Монголдоо хоргодох, хоргодоод үлдсэн нь сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ.
-Төсөв хэлэлцэх үед гишүүд тойрогтоо ахиухан мөнгө хуваарилуулахаар зүтгэдэг. Нэгэнт тэд ард түмнийг төлөөлж байгаа учраас энэ бол зүй ёсны асуудал. Таны хувьд төсвийн бодлогод ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийн 80 хувь нь нийт экспортын орлогоос хамааралтай байгаа энэ үед хүнийхээ болон нийгмийн асуудалтай зэрэгцүүлэн бүтээн байгуулалтын ажлыг маш сайн хийх ёстой гэж бодож байна. Боловсролын салбарт л гэхэд тулгамдсан асуудал овоорсон. Сургууль, цэцэрлэг ачааллаа дийлэхгүй байна. Дэд бүтэц, эрчим хүч, зам харгуйг шинээр барих, эрүүл мэндийн цогц үйлчилгээг иргэддээ үзүүлэх гээд яривал олон асуудал бий. Шинээр соёлын төв, номын сан барих, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гээд олон ажлыг дурдаж болно. Энэ чиглэлүүдээр гишүүн бүр тойрогтоо хөрөнгө татах гээд зүтгэж л сууна даа.
-Нийгмийн хамгийн чухал нэгж болсон гэр бүлийн үнэт зүйл алдагдаж байгаад хэн хүнгүй эмзэглэдэг. Та саяхан энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилсанд олон хүн талархсан болов уу. Гэр бүлийн үнэт зүйлийг өргөх хуулийн төслийн гол санаа, агуулга юу вэ?
-Гэр бүлийн хөтлийн асуудлаарх төрийн бодлогоо бид зөв тодорхойлсон боловч уг бодлогыг хэрэгжүүлэх төрийн бүтэц, эдийн засгийн баталгаа үндсэндээ байхгүй. Тийм учраас гэр бүлийн задрал хурдацтай явагдаж байна. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Засгийн газар ч дэмжсэн. Хуулийн төсөлд гэрлэлт гэр бүлийн харилцаан дахь төрийн оролцоо, эрх хэмжээ, гэр бүлийн харилцаанаас үүсэх эрх, үүргийг тусгасан.
Мэргэжлийн байгууллагын судалгаагаар монгол гэр бүл нь хүн амьдрах хамгийн тайван, таатай, аюулгүй орчин байж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрөхүйц үзүүлэлт гарсан.
Өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч хэлбэрээр амьдарч байгаа. Эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Энэ бүх сөрөг үзэгдлийг дагаад хүүхдийн эсрэг гэр бүл дэх дарамт хүчирхийлэл, хүүхдийн халамж, тэтгэлэг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага ч зүй ёсоор тавигдсан. Олон хүүхэд гэр бүлдээ аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртсөнөөс болж аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдсөөр байна шүү дээ.
-Гэр бүлийн үүрэг, хариуцлага алдагдсанаас үүдэн охид, хүүхдүүд маань ч янз бүрийн гэмт хэргийн золиос болох нь элбэгшсэн. УИХ-аар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль ярьж байгаа нь бас л анхаарал татаж байна. Та энэ хуулийн төслийг ахалж ажиллаж байгаа байх аа?
-УИХ-аар энэ хуулийг хэлэлцэж байна. Хууль зүй дотоод хэргийн яам, төрийн бус байгууллагууд олон нийтийн санал бодлыг сонсож, олон хэлэлцүүлэг хийж их сайн хуулийн төсөл өргөн барьсан. Хүн худалдаалах гэсэн ойлголт хэдхэн жилийн өмнө биднээс хол хөндий байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ төрлийн гэмт хэргийн гаралт манай улсад ихсэж байгаа учраас эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулах боломжгүй олон харилцаа байна. Энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, хохирогчийг хамгаалах, эрхийг нь хангах олон асуудал эрх зүйн зохицуулалт шаардаж байна.
Гэмт  хэргийн хохирогчид нь ихэвчлэн эмзэг бүлгийн орлого багатай, боловсролын түвшин доогуур эмэгтэйчүүд, охид байна.
Ажилгүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн, согтуурал, мансуурал, биеэ үнэлэх явдал зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлд тавих хяналт алдагдсан, бүртгэл хяналт байхгүй шахам байгаа нь ийм гэмт хэрэг өсөн төлжих үндсэн шалтгаан болж байна. Хүний наймааны гэмт хэрэг голдуу бэлгийн мөлжлөг, боолчлол, хүний эд эрхтний худалдаа зэрэг хэлбэрүүдээр илрэн гарч, дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан сүлжээ болсон байна. Иймд монгол охид, эмэгтэйчүүдээ хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Ийм л сэтгэлээр хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
-Нийгмийн ардчилал-МЭХ-ноос санаачлан 1000 эмэгтэйн чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганы ач холбогдол юу вэ?
-Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал-МЭХ-ноос санаачлан «Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011» чуулганыг 11 дүгээр сарын нэгний өдөр Төрийн ордонд зохион байгуулна. 1000 эмэгтэй чуулж, хөгжлийн төлөө ярилцана. Энэхүү чуулган нь орон нутгийн салбар нэгж бүрийн  оролцоотойгоор 2012 оны сонгуулийн босгон дээр болж байгаагаараа онцлог юм. Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх гарцыг эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 1000 эмэгтэй хэлэлцэж, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ. Улмаар санал бодол, шийдвэр тогтоолоо төр засаг, шийдвэр гаргагчдад хүргэх,улстөрийн намуудын ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахад зөвлөгөөний зорилго чиглэгдэж байгаа. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн хуулийн квотын асуудалд өөрсдийн саналаа хүргүүлж ажиллана.
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг оруулах талаар ид хэлэлцэж байна. Сонгуулийн тогтолцоо ямар байхаас эмэгтэйчүүдийг их хуралд оруулах асуудал бас хамаарна. Эдгээрийн уялдаа хуульд хэр тусахаар байна вэ?
-Монголын ард түмэн оюунлаг, ухаантай ард түмэн шүү дээ. Төрийн бодлогод эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсож,тусгах явдал чухал байгааг ярьж, хэлж байна. Эмэгтэйчүүдээ дэмжих нийгмийн хандлага байгаа учраас тэднийг дэмжсэн нам ялна гэдгийг ч олон хүн хэлж байгаа. Тийм учраас 2012 оны УИХ-д олон эмэгтэй орж ирээсэй гэж би хүсдэг. Ер нь нийгэмд, нийтэд танигдсан боловсрол, мэдлэг өндөртэй, ажлын дадлага туршлагатай эмэгтэйчүүд хэдэн зуугаараа байна.
Сонгогчид төрд төлөөлөх хүнтэйгээ уулзаж ярилцан дотор сэтгэл, үзэл бодлыг нь уудалж, жинлүүрийн тавган дээр тавьж дэнсэлж байж, намаа биш хүнийг харж сонгодог шүү дээ.
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх үндсэн нэг шалтгаан бол улстөрийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвт нийцүүлэх асуудал гэж ойлгож байгаа. Үүнд их л тулхтай, мэдрэмжтэй хандах ёстой. Сонгуулийн нэг тойрогт нэг намаас нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөн хагарал зөрчил үүсдэг, хүч тарамдахад хүргэдэг энэ тогтолцооноос зайлсхийх хэрэгтэй байна. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орсноор улс орны хөгжлийг урагшлуулах тогтвортой, хяналттай төр, засаг бүрэлдэх нөхцөл бүрдэнэ. Энэ бол ард түмний хүсэл зорилго. Бид сүүлийн 20 жилийн турш ардчилсан нийгмийг байгуулахдаа ардчиллын тогтвортой хөгжлийн тухай их ярьж байгаа. Тиймээс хуульдаа олон шинэ зүйл хийж, судалж, ярьж ярьчхаад ахиц дэвшил ч гарахгүй, чөдөр тушаа болчих вий дээ.
-Эмэгтэйчүүдийн банк байгуулах таны санаа чинь бас л шинэлэг сонсогдсон шүү?
-Шинэлэг ч юу байх вэ дээ. Бангладешт ядуу, орлого багатай эмэгтэйчүүдэд зориулсан «Grameen Ваnк» байгуулагдан үйл ажиллагаа явуулж, ядууралтай дэлхийн 40 гаруй улсад нэвтрүүлсэн байна. Эмэгтэйчүүд банкнаас зээл аваад хугацаандаа баталгаатай эргэн төлдөг, муу зээл гэсэн ойлголт байхгүй байсан учраас тэр банк ашигтай ажиллаж үр дүнд хүрсэн байна. Уг банкны хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлсэн жижиг зээл нь зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй тэдний гэр бүлийг хөгжин дэвжих эхлэл болсон байна. Банкны үүсгэн байгуулагч, эдийн засгийн ухааны доктор, профессор Мухамед Юнус бүс нутагт эмэгтэйчүүд эрчүүдийг бодоход илүү өрсөлдөх чадвартай гэдгийг онцолж хэлсэн байдаг. Бангладеш дахь эмэгтэйчүүдийн банк 10 жилийн дараа ядуурлын эсрэг хамгийн хүчтэй үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Энэхүү хөтөлбөр нь 1995 оны Бангладешийн Эмэгтэйчүүдийн банк гэж баримтад дурдагдсан «Grameen Bank» жижиг зээлийг ихэвчлэн ядууралтай тэмцэж байгаа эмэгтэйчүүдэд анх олгосноороо нэрлэгдэж, 2006 онд үүсгэн байгуулагч нь Нобелийн шагнал хүртсэн түүхтэй. Иймээс энэ хөтөлбөрийг Монгол Улсад ч хэрэгжүүлж, эхлүүлэх юмсан гэж бодож, судалгааны ажил хийж байна.
-Өнөөдөр бизнес хийж байгаа хувийн хэвшлийнхнийг дэмжсэн төрийн ямар бодлого хэрэгжиж байна вэ. Сүүлийн үед улстөрчид маань бизнес эрхэлж татвар төлдөг хувийн хэвшлийнхэн рүү нэлээд дайрах хандлагатай болсон юм шиг. Та үүнтэй санал нэг байна уу?
-УИХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Бизнес эрхлэгчид Монгол Улсынхаа үндэсний хөгжил цэцэглэлтэд томоохон хөрөнгө оруулалт хийж, ажлын байр шинээр бий болгох, иргэдийг орлогын ядуурлаас гаргахад өөрсдийн хувь нэмрийг оруулан, цаг наргүй, уйгагүй хөдөлмөрлөж байгаа. Улсын бүртгэлтэй 60 гаруй мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын байгууллага, донор орнуудын дэмжлэг туслалцааг хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэхэд чиглүүлэх нь чухал. Бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа иргэдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжих үүднээс банк, санхүүгийн байгууллагыг мөнгөний болон төсвийн бодлогоор дамжуулан урамшуулах эдийн засгийн механизмыг ч бүрдүүлэх хэрэгтэй, Ялангуяа жижиг, дунд бизнес эрхэлж байгаа иргэдийг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх,хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэж болно.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадын зах зээлд гаргахад нь туслах, гаргасан бүтээгдэхүүний чанар, тоо, олсон орлогынх нь хэмжээгээр урамшуулдаг байх нь зүйтэй.
Тийм учраас бодитой хөрөнгө оруулалт хийж ажлын байр бий болгож байгаа үндэсний компаниудынхаа бизнесийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтын гэрээг хийж өгөх нь шударга гэж бодож байна. Бид гадаадын компаниудад олон төрлийн дэмжлэг үзүүлж, тогтвортой байдлын гэрээ байгуулдаг атлаа дотоодынхоо аж ахуйн нэгжүүдээ дэмжиж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.