Я.Батсуурь: Тогтолцоо чухал  биш
2011.10.14

Я.Батсуурь: Тогтолцоо чухал биш

Удтал дуншсан эрх баригчдын тоглоомын дүрэм удахгүй тодорхой болно. Өнөөгийн яригдаж буйгаар бол 48:28 буюу мажоритор тогтолцоо давамгайлах бололтой. Ах намын тулган шаардалт, АН-ыг буулгаж авахад хүрээд буй. Тогтолцоо л холимог байвал тоо чухал биш хэмээх бүрхэг хариултын цаана АН санаагаа илэрхийлчихсэн. Иймээс кноп дарах үлдлээ. Тэгвэл гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгаа сонирхсон юм.

Миний бодлоор тогтолцоо бол тийм ч чухал зүйл биш. Сонгууль болж бүтэхгүй, луйвартай болоод байгаа нь тогтолцооноос болоод байгаа зүйл биш.Гол нь санал худалдаж авдаг явдал, сонгуулийн луйвар, асар их мөнгө зарцуулдаг нь тогтолцооноос чухал асуудал. Орон нутагт явж байхад сонгуульд зарцуулдаг мөнгийг багасгаа ч үргүй зардлыг хуулиар хаагаач гэх хүсэлтийг олон хүн тавьдаг. Ер нь хоёр л гаргалгаа харагдаж байна.

Эхнийх нь, Ардчилсан намаас дэвшүүлсэн 38:38. Тавин хувийг мажоритар тогтолцоогоор, тавин хувийг пропорциональ тогтолцоогоор. Нөгөө гаргалгаа нь одоогоор ил яригдаагүй. Ер нь УИХ-ын гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байж сонгуулийн хуулийн талаарх зөвшилцлийг гацаанаас гаргах боломжтой.


Ингээд талыг нь пропорционалаар, талыг нь мажоритараар сонгох боломжтой. Тухайлбал, 76 гишүүний тоог 99 болгож болно.

Ингэх үндэслэл бий. Нэгдүгээрт, бусад орны жишиг, хүн амынхаа тоонд харьцуулж үзэхэд 76 гишүүн гэдэг нь бага тоо. Нөгөөтэйгүүр сүүлийн 20 жилийн хугацаанд УИХ-ын хийж гүйцэтгэх ажлын цар хүрээ асар их тэлсэн. Зөвхөн манай байнгын хорооны хувьд л гэхэд харьяалах асуудлын хүрээ хэт өргөссөн. 20 жилийн өмнө мэдээллийн аюулгүй байдлын асуудал гэж байхгүй байлаа. Нэг байнгын хороонд боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгэм гээд олон том асуудлууд байх жишээтэй. Жижиг улс гээд цөөн тооны асуудалтай байдаггүи. Бүгд л адилхан том асуудлуудтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.