Европын холбооны Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хүний наймаатай тэмцэх хэлтсийн Онцгой төлөөлөгч Мадина Джарбусыноваг хүлээн авч уулзлаа
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Европын холбооны Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хүний наймаатай тэмцэх хэлтсийн Онцгой төлөөлөгч Мадина Джарбусыноваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монголд хүний наймаа болон, хүн худалдаалах гэмт хэрэг, албадан хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцаж үнэлгээ өгч, санал зөвлөмж өгөхөөр ирсэн талаараа Онцгой төлөөлөгч Мадина Джарбусынова уулзалтын эхэнд онцлоод Монгол Улсад хийж буй ажлын айлчлалаа МҮЭ-ийн холбооноос эхэлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэрэг, албадан хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ОУХБ, ОУҮЭ-ийн байгууллагын тайланд тусгагдсан байсан гэдгийг дурьдлаа. Мөн Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа Хойд Солонгосын ажилчид болоод хөдөө аж ахуйн салбарт хүүхдүүд ажилладаг асуудлыг уулзалтын үеэр хөндлөө.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,
-Хүний наймаа болон, хүн худалдаалах гэмт хэрэг, албадан хөдөлмөр эрхлэлт зэрэг нь сүүлийн жилүүдэд хурцаар яригдаж байгаа чухал сэдвийн нэг яах аргагүй мөн. МҮЭ бол эвлэлдэн нэгдсэн гишүүд, иргэд хөдөлмөрчдийн эрүүл аюулгүй орчин, цалин, хөлс, хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Сүүлийн 20 гаруй жилийн турш хөдөлмөрийн ялгаварлал, албадан хөдөлмөр, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ирсэн.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал таатай бус, ажилгүйдэл, ядуурал ихтэй байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа нь хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэрэг, албадан хөдөлмөр эрхлэлтийн нэг шалтгаан үзэж байна.
Та бүхний зүгээс эдгээр асуудлыг нарийвчилан судалж үнэлэлт дүгнэлтээ гарах байхаа.
МҮЭ-ийн холбооноос хөдөлмөр эрхлэлтийг зохистой төвшинд явуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, албадан хөдөлмөрийг хориглох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах асуудлыг хамтын гэрээ хэлэлцээрээр зохицуулж байгаа нь цаад утгаараа хүний наймаа болон, хүн худалдаалах гэмт хэрэг, албадан хөдөлмөр эрхлэлттэй тэмцэхэд чиглэгдэж байгаа.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Хойд солонгосын иргэдийн тухайд хоёр улсын гэрээгээр ажилладаг юм билээ. Хөдөө аж ахуйн салбарт хүүхдийн хөдөлмөр эрхлэлт байгаа нь манай улсын уламжлалт мал аж ахуйн арга барилтай холбоотой юм. Тиймээс таныг энэ асуудлыг олон талаас нь авч үзээсэй гэж хүсэх байна.