Ө.Энхтүвшин: Замын-Үүд чөлөөт бүсийг даруй нээе
2017.12.19

Ө.Энхтүвшин: Замын-Үүд чөлөөт бүсийг даруй нээе

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2017.12.18) Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Шадар сайд Ө.Энхтүвшин

“Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж мэднэ.

Усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулаан болон цахилгаан хангамжийн 4 багц ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Одоо чөлөөт бүсээ нээ, ажлаа эхэлье” гэв.

“Алтанбулаг чөлөөт бүсийн туршлагаас харахад, чөлөөт бүсэд Гаалийн тухай, Чөлөөт бүсийн тухай хуулиуд зөрчилддөг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаа нь ажиглагдсан. Тиймээс Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, БХБЯ, ГХЯ зэрэг чөлөөт бүсийн ажил хэрэгт оролцоотой бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хууль журмын зохицуулалтыг нэг мөр болгоно. Чөлөөт бүс Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон олон улсын тээврийн Н2 автозамыг ашиглах ёстой” гэж Шадар сайд хэллээ. 

Чөлөөт бүсэд баригдаад байгаа барилга байгууламжуудыг Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын алба өөртөө төвлөрүүлэх, удирдлага, үйл ажиллагааны менежмент, гүйцэтгэлийг хариуцан ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн бол Шадар сайд тэдэнд хандан энэхүү томоохон хөрөнгийг ямар тооцоо, судалгаагаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үр дүнтэй ашиглах ул суурьтай төлөвлөгөө байгаа, эсэхэд нь эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхэд 2 обьектыг ашиглалтад бүрэн өгөхөд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан, мөн станцуудын үйл ажиллагааны зардалд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох тооцоог тус бүсийн ажлын албаны захирагч И.Батнасан өгүүлсэн.

Хорт бодисыг устгах Ажлын хэсэг байгуулахаар болов

Шадар сайд Ө.Энхтүвшин Дорногвь аймгийн Замын-Үүд суман дахь Онцгой байдлын хэлтсийн ажилтай танилцлаа. Түүний хамт ОБЕГ-ын дарга, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд уулзалтад оролцов.

39 албан хаагч, 3 гэрээт ажилтан бүхий тус хэлтэс сүүлийн 5 жилд 135 түймэр унтрааж, 89 хүний амь насыг аварчээ. Жилд 376.8-567.3 сая төгрөгтэй тэнцэх эд хөрөнгийг галын аюулаас хамгаалсан байна. Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг “Бид улирч буй 2017 онд 500 орчим хүнийг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай туулах сургалтад хамруулсан. Манай хэлтэс иргэдэд сургалт явуулах тусгай танхим тохижуулахаар төлөвлөсөн. Яг одоо бид өвөлжилтөд түлхүү анхааран ажиллаж байна” гэв. ОБЕГ-ын дарга, генерал Л.Бадрал энэ үеэр 2019 онд олон улсын “Говийн чоно” сургуулилалтыг Замын-Үүдэд хийх болсныг Шадар сайдад дуулгалаа.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Алдарбаяр дараах хоёр асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшинд тавьлаа. “2015 онд гарсан малын цэцэг, шүлхий өвчний улмаас малаа алдсан малчид нөхөн төлбөрөө нэхэж байна. Өнгөрсөн жил хохирлын 30 хувийг барагдуулсан. Үлдэгдлийг хэрхэх бол”, “Химийн хортой бодисууд хилийн мэргэжлийн хяналтын агуулахад олноороо хадгалагдаж байна. Хэрхэн устгах талаар бидэнд ямар ч шийдэл байдаггүй” гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин нөхөн төлбөрийн тухайд “Та бүхэн 3.3 тэрбум төгрөгийн санал өгснөөс 1.5 тэрбумыг нь шийдсэн гэж надад мэдээлсэн. Учир нь нөхөн төлбөр авах материалын бүрдүүлэлт дутуу байсан юм билээ” гэв. Харин агуулахад хураагдсан хорт бодисуудыг устгах талаар БОАЖС-ын сайдтай ярилцаж Ажлын хэсэг гарган шийдэхээ илэрхийлэв. Ийм хорт бодисууд зөвхөн Замын-Үүдийн бус, Монгол орны томоохон асууудал болж байгааг Шадар сайд хэлсэн.

“2018 оны долдугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эсрэг Азийн сайд нарын хурал болох юм. Энэ нь бидэнд бусдын сайн туршлагаас суралцах, тэдэнтэй харилцаа тогтооход чухал ач холбогдолтой. Аюул ослыг ирсний дараа биш, урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн иргэдээ сургахад онцгой анхаараарай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин онцгойгийн албан хаагчдад даалгалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин хил дээр алба хаагчидтай ярилцлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай (2017.12.18) уулзаж ярилцав.

2017 онд Замын-Үүд боомтоор 3134 галт тэрэг, 277013 автомашин, 1 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Хилийн постоор нэвтрэгчдийн хөдөлгөөн ихэссэн ч тэдэнд үйлчлэх цогцолборын багтаамж хэтэрхий бага байгааг албан хаагчид ярьж байна. Уг цогцолборт хилийн мэргэжлийн хяналтынхнаас гадна гааль, иргэн харьяатын албаныхан гээд хяналтын бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг тул оффисын өрөө тасалгаа гэж үгүй. Албан хаагчид цалингаа нэмүүлэх, хуучирч муудсан компьютераа сайжруулах, гадаа ажилладгаас нормоос түрүүлээд элэгдчихдэг гутал, хувцасны хангалтыг сайжруулах шаардлагатайг Шадар сайд болон МХЕГ-ын дарга нарт дуулгасан.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү 2018 онд шинээр 5 компьютер албан хаагчдад өгөх, 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ амлаад “Миний хувьд Замын-Үүдийн байцаагч нарын ажиллах нөхцлийг сайн мэддэг учраас үргэлж анхаарлын төвд байдаг. Тиймээс МХЕГ-ын удирдлагын зүгээс бүх боломжоороо дэмжинэ” гэв. 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухайд Засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож эхэлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин албан хаагчдад хэллээгэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.