Ж.Сүхбаатар: Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч явахыг хүсч байна
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай Монгол хүний үнэлэмжийн талаар ярилцлаа.
-Монгол хүний үнэлэмж буурч байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
-Монгол хүний үнэлэмжид сэтгэл дундуур байгаа нь үнэн. Гэхдээ сайн зүйл бий. Олимпийн аваргатай боллоо. Шинэ үеийн залуучууд амжилт үзүүлж спортын салбарт монгол хүний үнэлэмжийг өөд нь татаж байгаа. Мөн гадны улсын томоохон салбарт монгол инженерүүд ажиллаж байна. Хэдий эх орондоо ажиллаагүй ч үнэлэмжийг дээшлүүлж байна. Үнэлэмж монголчуудын өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндэтгэл. Үндэстний бахархалтай холбоотой. Одоогоор үнэлэмж бүрэлдэж байгаа цаг үе. Нийгмийн бүх салбарыг шүүмжилж байгаа энэ нь үүний шинж тэмдэг.
-Үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Үнэлэмж гэдэг ойлголт өөрөө их өргөн хүрээтэй ч олон салаа утгаар илэрхийлэгдэнэ. Монгол хүний үнэ цэнэ, үнэт зүйл, үнэлэмж зэрэг хэд хэдэн ойлголт бий. Үүний тодорхойлох хэрэгтэй болно. Хүнийг материаллаг болон материаллаг бус талаас нь үнэлж, дүгнэдэг. Үнэ цэнэтэй зүйл нь тодорхойлогддог. Монгол хүнийг аль талаас нь үнэлэхээс шалтгаална. Гадныхан Монгол хүнийг үнэлэх тухай ярья л даа. Монголчуудыг өв соёл, түүх, улс орны нэр хүндээр нь байлдан дагуулж байсан гэдгээр нь дүгнэдэг байсан. Харин одоо уул уурхайн их баялагтай, боловсролын түвшин гайгүй, авьяаслаг хүмүүс гэх ойлголт бий. Хувь хүн болон нийтээр нь хамаатуулсан үнэлэмж өөр гэсэн үг. Хувь хүний үнэлэмжийг эдийн засгийн агуулгаар хэлбэл хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой байдаг. Цаашилбал нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ хамаарна. Манайд нэг цагийн хөдөлмөрийн хөлс хамгийн багадаа 550 төгрөг буюу хагас ам.доллар. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад хамгийн багадаа 6-8 ам.доллар байна. Үүнээс иргэдийн ажлын бүтээмж ямар үнэлэмжтэй, ямар бүтээмжтэй ажиллаж байгаа нь харагдана. Эдийн засгийн талаас нь харахад манайд үнэлэмж маш доогуур байгаа. Үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд өөрсдөө бүтээмжээ нэмэгдүүлэх, боловсорч чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Өөр нэг зүйл нь ёс зүй. Ёс суртахууны үнэлэмж өөрөө нийгмийн индикатор болдог. Ёс суртахуунгүй нийгэм хөгжил дэвшил авчрахгүйн дээр монгол хүний үнэлэмж бага болдог. Ёс суртахууныг дэмждэг зүйлүүд нь шашин, сүсэг бишрэл. Соён гэгээрүүлэх бүхий л үйл ажиллагаа холбоотой байдаг. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд эдийн засаг, ёс суртахуун буюу оюун санааны үнэлэмжид их өөрчлөлт гарсан.
-Тэгвэл үнэлэмжийг яаж тодорхойлох вэ?
-Үнэлэмжийг тодорхойлдог зүйл нь нийгмийн стандарт шалгуур байдаг. Нийгмийн хувьсгалыг өмнө нь хийсэн. Харин одоо хууль баталж байгаа нь монгол хүний үнэлэмжийг оюун санаа, эдийн засгийн хувьд тодорхой түвшинд тавих стандартчилах ажил явагдаж байна гэсэн үг.
-Үнэлэмжийг дээшлүүлэх суурь хүчин зүйл нь юу юм бол оо?
-Гэр бүлийн хүрээн дэх хүмүүжил, ёс суртахуун. Бас боловсрол. Нийгмийн хамгийн үнэт баялаг нь хүн юм бол бүх бодлого нь хүний төлөө байх ёстой. Бидэнд халамжийн ардчилал биш нийгмийн ардчилалын тогтолцоо хэрэгтэй. Нийгмийн ардчилал гэдэг нь шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө гэсэн гурван тулгууртай. Үүнийг нь хууль дэмждэг.
-Монголчуудыг гадны оронд маш сайн ажилладаг, хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг гэдэг. Харин эх орондоо ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж сайн биш. Энэ нь хөдөлмөрийн хөлстэй холбоотой юм шиг санагддаг. Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлж байж бүтээмжийг өндөр болгох юм биш үү?
-Энэ нь эдийн засгийн тогтсон механизмтай холбоотой. Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх тусам бүтээмж өндөр болно гэдэг нь өрөөсгөл зүйл. Харин хөдөлмөрийн хөлсийг нэмснээр хувийн хэвшлийн зах зээлийн мөн чанарыг алдагдуулна. Тухайн ажлын бүтээмж дээшилсэнтэй холбоотойгоор үе шаттайгаар хөдөлмөрийн хөлс нэмэгдэх ёстой. Манайх шиг улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог. Манайд 108 мянга байгаа. Энэ тоо 208 мянга болбол ашгийн төлөө ажилладаг хувийн хэвшилд хүнд тусна. Сайн ажилласны хэмжээгээр цалин нь өсч, муу ажиллавал буурдаг системд шилжих хэрэгтэй. Харамсалтай нь энэ систем нэвтэрч чадахгүй байгаа. Хувийн хэвшлийнхэн хөдөлмөрийн хөлсийг ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбож хослуулах ёстой. Ингэхийн тулд төрийн дэмжлэг мөн хэрэгтэй болно.
-Монголчуудын үнэлэмжийг хойш нь татаж байгаа зүйлийн нэг нь олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индекс гэдэг?
-Тийм. Жил бүр ухарч байна. Энэ нь монгол хүний үнэлэмжийг улам ялзруулж, унагаж байгаа. Шударга бус байдал болон ажлын бүтээмжийг үгүй хийж байгаа зүйл нь авлига. Шударга бус байдал алга болбол аяндаа өрсөлдөөн эрүүлжиж, ашиг орлого, бүтээмж сайжирна.
-Бүтээмжийг сулруулж байгаа зүйл нь шударга бус байдал гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав.
-Монголын залуус өөрсдийгөө үнэ цэнэтэй болгохын тулд зүтгэж байна уу. Зүтгэлийг нь боож байгаа зүйл байгаа уу?
-Зориуд хааж боож байгаа зүйл байхгүй. Гэхдээ зохицуулалт тогтолцоонд буруу зүйл байна. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд тусгай мэргэжил шаардахгүй ажлын байрны шаардлагад “Төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байна” гэж заадаг болж. Их сургуулиа дөнгөж төгсч байгаа хүн хэдийд нь ажиллаж амжих вэ дээ. Энэ нь дээд зэргээр залуусыг ялгаварлан гадуурхсан, олон нийтийн албанд зүтгэх эрхийг нь хязгаарлаж байгаа зүйл. Мэдээж бүх хүн төрийн албанд ажиллах шаардлагагүй. Гэхдээ ажиллах боломж нь бүрдсэн байх ёстой. Саяхан 25-35 насны залуустай уулзсан. Тэд ч үүнийг хэлж байна лээ.
-Тэд өөр юу ярьж байна вэ?
-Тэдэн дунд төрийн бодлогоос орхигдсон, шоовдорлогдсон гэсэн бодолтой олон хүн байсан. Өрх толгойлсон, ажилгүй янз бүрийн л хүмүүс. Оюутнууд, ахмадууд, ажилгүй иргэдэд төрөөс бага ч гэсэн дэмжлэг үзүүлдэг юм байна. Гэтэл 25-35 насны залуусын дуу хоолойг хэн ч илэрхийлдэггүй. Тэдний төлөө юу ч хийхгүй байна. Гэхдээ ямар ч хэл амгүйгээр ажиллахын төлөө зүтгэж яваа хүмүүс бол тэд. Залуусын дунд үзэл суртлын ажил өрнүүлэх хэрэгтэй.
-Юун үзэл суртал билээ?
-Улс төрийн сурталчилгаа биш. Зөвхөн нийгмийн стрессыг зөөллөсөн амьдрах арга ухаанд суралцуулах хэрэгтэй байна. Энэ л үгүйлэгдэж байгаа зүйл. Сэтгэлзүйд нь нөлөөлж хүчтэй, өөдрөг байлгана гэсэн үг. Аль ч нийгэмд залуус улс орныг авч явдаг. Би лав залуу байхдаа хэн нэгэнд гомдоллож байгаагүй. Мэдээж хоолтой, хоолгүй явсан үе байсан. Энэ бүгдийг ирээдүйдээ итгэх өөдрөг итгэл, шаргуу хөдөлмөрөөр давах хэрэгтэй.
-Та өөрийнхөө үнэлэмжийг тодорхойлно уу?
-Гоё хэлэх гэвэл яруу найраг шиг болно. Энгийнээр хэлье. Аав, ээжийн өгсөн нэр маань Сүхбаатар. Нийгмийн нэг хэсгийн төлөө ажилладаг, бусдын төлөө хийж чадах зүйл байхгүй бол өөрийгөө автайхан авч явна даа гэж боддог өөрийн гэсэн ертөнцтэй хүн. Байгалиас заяасан өгөгдлүүдийн зарим нь надад таалагддаггүй. Зарим нь таалагддаг. Өөртөө сэтгэл хангалуун байх гэж эрмэлздэг. Олон хүнд байдаг шиг дотоод мэдрэмж бий. Миний эргэн тойрон байгаа хүмүүс аз жаргалтай байвал би мөн адил болно.
-Сүхбаатар гэдэг хүний үнэ цэнийн талаар ярья?
-Их сонирхолтой асуулт байна. Шууд хариулахад бэлэн биш байгаа учраас ингэж хэллээ. Нэртэй хүмүүсийн хэлдгээр хүний үнэ цэнэ гэдэг нь бусдыг хайрлах, өөртөө итгэх итгэл, хувь хүний ёс суртахуунаар хэмжигддэг.
-Хувь хүний эзэмшсэн мэдлэг чухал биш гэж үү?
-Мэдлэг төдий л чухал биш. Боловсрол мэдлэгтэй атлаа ёс суртахуунгүй, бусдыг энэрч өрөвддөггүй хүн хорвоод олон байдаг. Нэг жишээ авъя. В.И.Ленин боловсролтой хүн байсан. Гэтэл олон сая хүний амь, амьдралыг гаргуунд гаргах эхлэлийг тавьсан хүн гэж үздэг. Би жишээ татаж байгаа шүү. Би энэ хүний олон зүйлд эерэг ханддаг хүн. Судлаачид В.И.Ленинд бусдыг хайрлах хайр байсан юм шиг хэрнээ ёс суртахууны бусдыг энэрч өрөвдөх сэтгэлгүй байснаасаа болж л үнэ цэнээ алдсан гэдэг.Би өөрийнхөө үнэ цэнийг хэлж мэдэхгүй, бусдаар ч тодорхойлуулж чадахгүй. Хорвоогоос хальж амьсгал хураах мөчид амьдралдаа сэтгэл хангалуун байсан эсэхийг дүгнэх байх. Үнэ цэнэ маань тодорхойлогдох байх. Магадгүй хорвоогоос хальсны дараа үгүйлэгдэж байгаа болон дурсагдаж байгаагаар л тодорхойлогдоно. Сүх баатар өөрийгөө үнэ цэнэтэй хүн гэж бодоод яваад л байя. Гэтэл дараа нь дурсагдахгүй бол өмнө нь байгаагүй юм шиг болно. Тийм биз.
-Тэгвэл өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байв уу?
-Үнэ цэнээ мэдрэх гэдэг нь баярлахтай адил зүйл. Сэтгэл өөдрөг баярласан үедээ өөрийгөө үнэ цэнэтэй гэж боддог. Гунигласан, хэцүү үед “Ямар өрөвдмөөр арчаагүй юм бэ” гэж бодох үе гардаг. Тэр үед нөгөө үнэлэмж байхгүй болно. Тэгэхээр энэ тогтворгүй ойлголт.
-Сэтгэл санаанаас хамаарах зүйл гэх гээд байна уу?
-Тийм ээ. Яг одоо өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч явахыг хүсч байна.