Д.Тэрбишдагва: Иргэдийн уур хилэн бидний хяналтаас эрчимтэй гарч байна
2012.05.09

Д.Тэрбишдагва: Иргэдийн уур хилэн бидний хяналтаас эрчимтэй гарч байна

Өнөөдөр 12:40 цагт МАХН-ын төв байр “Цагаан ордон”-д МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын ЕНБД Н.Удвал, НБД Л.Цог нар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлыг нээж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва үг хэлсэн юм.Тэрээр “Н.Энхбаяр дарга өөрийг нь хууль бусаар баривчилсныг эсэргүүцсэн шаардлагыг нь өнөөгийн эрх баригчид үл тоомсоролвоос албадан эмчилгээнд орохгүй, өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаагаа удаа дараа мэдэгдсэн.Уг шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын их хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд тус тус нэн яаралтай хүргүүлсэн боловч одоо болтол усанд хаясан чулуу мэт байна. Ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч боллоо.

Шударга ёсыг эрхэмлэсэн мянга мянган иргэдийн уур хилэн, тэмцлийг бид өнөөдрийг хүртэл тайвшруулан тогтоон барьсан боловч бидний хүсэл зориг, хяналтаас эрчимтэй гарч байгаа болохыг Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Батболд нарт хатуу анхааруулж байна.Н.Энхбаяр даргын биед шаардлагатай оношлогоо, эмчилгээг хийхгүй цаг алдаснаас түүний эрүүл мэндэд эргэлт буцалтгүй өөрчлөлт орж амь нас нь эрсдэх аваас бид түүний амь насыг Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Батболд нараас нэхэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Одоогийн харгис дэглэмийг эсэргүүцэн нийгэмд “шударга ёс” тогтоож хууль ёсыг сэргээхээр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга, Монголын улс төрийн сөрөг хүчний удирдагч Н.Энхбаярын удирдлаган дор эрс шулуудан, зориглон хөдөлсөн Монгол Ардын Хувьсгалт Нам, улс төрийн холбоотнууд, нийт шударга иргэдийн тууштай үйл ажиллагаа нь биднийг ялалтанд хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.