2018.05.24

С.Чинзориг: Цэцийн гишүүд хэн нэгний эрх ашгийн төлөө ажиллаж болохгүй

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Цэц ҮХ-ийн манаачаа сайн хийж, хариуцлагатай ажиллах ёстой. Төрийн өмчийн хороонд олон жил ажилласан. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигч Ц.Нанзаддорж гишүүнд хандаж үг хэлье. Та Төрийн өмчийн хороонд олон жил ажилласан. Төрийн өмчийг хувьчилсан үр дүн гараагүй. Архагшсан ядуурал буруу өмч хувьчлалын үр дүн гэж боддог. Гэрээ зөрчсөн гэж ганц ч  хувьчилсан компанийг буцаагаагүй. Цэц дээр очоод ингэж буруу ажиллахгүй. Харин олон түмний эрх ашгийн төлөө та ажиллаарай. Хийсэн алдаагаа засаж ажиллаарай. Хэн нэгэн эзэнд үйлчлэх асуудал энд байхгүй, олон түмний эрхийг нэн тэргүүнд тавьж ажиллаарай.