Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байна
2018.05.24

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байна

Ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний талаар өнөөдөр /05.24/ төрийн ордонд ХНХЯОлон улсын Хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монгол улсыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье Мюлдер болон МҮЭХ, МАОЭНХ-ны удирдлагууд мэдээлэл хийв.

Тус байгууллага хөдөлмөрийн хэм хэмжээ тогтоодог, НҮБ-ын цор ганц гурван талт байгууллага юм. Одоогоор 187 гишүүн оронтой, дэлхий нийтэд 45 товчоо, бүс нутгийн 5 товчоотой үйл ажиллагаа явуулж байгаа аж. Монгол Улс ОУХБ-т 1968 оны энэ өдөр элсэн орсон бөгөөд 8 суурь конвенци, бусад 20 конвенцийг соёрхон баталсан гэдгийг хатагтай Клэйр Куртье-Мюлдер дурьдлаа.

Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд манай байгууллага Монгол Улсын Засгийн газартай хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, нийгмийн халамжийн хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах болно” гэлээ.