Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг байгууллаа
2018.05.30

Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг байгууллаа

ЭМЯ, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий холбоо салбарын нэмэлт хэлэлцээрийг байгууллаа. Энэхүү хэлэлцээрт цалин хөлс, нийгмийн баталгаа, эрүүл аюулгүй ажлын байр, хүний нөөц, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг зохистой болгох зэрэг олон тулгамдсан асуудлуудыг тусгасан үр дүнтэй хэлэлцээр боллоо гэж талууд илэрхийлсэн юм.

Энэ сарын 08-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий холбооноос нийт сувилагч, эмнэлгийн ажилтны жагсаал, ажил хаялтын өмнөх суулт зэргийг хийгээд байсан. 

Жагсаалаар  Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан дараах шаардлагыг хүргүүлсэн байсан. Үүнд: 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах
  • Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийг баталлаа. Дашрамд дурдахад ЭМЯ-ны удирдлагын багийн шинэчлэл, зохион байгуулалт нь  салбартаа зөв ажлын давалгаа, зөв бодлогын хэрэгжилтийг авчрах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байгаа нь нууц биш юм.