Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг баталлаа
НИТХ-ын үдээс хойшхи хуралдаан боллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Хүн амын ахуй үйлчилгээ-2020" дэд хөтөлбөрийг товч танилцууллаа.
Ахуйн үйлчилгээний салбарт 16 мянган хүн ажиллаж байгаагийн ихэнх нь эмэгтэйчүүд байна. Иймд энэ салбарыг дэмжснээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж бүрдэх юм.
Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хотод ахуйн үйлчилгээний чанар олон улсын жишгийн дагуу сайжирч, ялангуяа гэр хороололд ахуйн үйлчилгээний хүртээмж, төрөл, ангилал нэмэгдэхийн зэрэгцээ иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм. Энэхүү дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 70 сая, нийслэлийн төсвөөс 275.0 сая төгрөгийн төсөв хөрөнгө шаардлагатай болж байгааг дурьдлаа.
"Хүн амын ахуй үйлчилгээ-2020" дэд хөтөлбөртэй холбогдуулан МАН-ын бүлгийн дүгнэлтийг төлөөлөгч Ц.Байгалмаа уншиж, тус дэд хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал "Хүн амын ахуй үйлчилгээ-2020" дэд хөтөлбөрийн төсөлд оршуулгын үйлчилгээ гэснийг зан үйлийн үйлчилгээ гэж өөрчлөн найруулах, авто засвар үйлчилгээ гэсэн бүлэг нэмж, эдгээр үйлчилгээг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх зэрэг саналуудыг нэмж оруулан батлуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс ахуйн үйлчилгээг сайжруулах нь зөв зүйтэй боловч хөрөнгө зардлыг хэрхэн тооцсон, санхүүжилтийн эх үүсвэрийг бусад эх үүсвэрээс олох боломж бий эсэх, ахуйн үйчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх зэрэг асуултуудыг тус дэд хөтөлбөрийн багаас асууж хариулт авлаа. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бид бусад эх үүсвэр болох гадаадын хандив тусламжаар олж болох хэдий ч одоогоор зөвхөн нийслэлийн болон улсын төсвөөр явуулахаас өөр санхүүгийн эх үүсвэр олдоогүй байгаа юм" гэв.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төгсгөлд төлөөлөгчдийн дунд санал хураахад оршуулгын зан үйл гэсэн нэр томьёог хэвээр үлдээж, авто засвар үйлчилгээ гэсэн бүлэг нэмж, эдгээр үйлчилгээг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр явуулах саналыг дэмжээгүй тул "Хүн амын ахуй үйлчилгээ-2020" дэд хөтөлбөрийн төсөл хэвээр батлагдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгох тогтоолын төсөл батлагдлаа.
Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр" батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр танилцуулж, бүлгийн дарга нар болон төлөөлөгчид саналаа хэлж, дэмжснээр 2020 он хүртэл хэрэгжүүлэх тус дэд хөтөлбөр батлагдлаа.
Хурлын төгсгөлд НИТХ-ын хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэдэг уламжлалын дагуу Хурлын төлөөлөгчидөд хандан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулга сонсгол хүргэлээ. Түүний танилцуулгад Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудын агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөөлөл, шатах тослох материалын зохистой хэрэглээ, хөдөлгүүрээс гарч буй хорт утааг бууруулах боломж, их багтаамжийн автобусанд тортогжилтыг шүүгч DPF төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан тухай мэдээллийг төлөлөгчидөд хүргэснээр НИТХ-ын ээлжит XVI хуралдаан өндөрлөлөө.