Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүд сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийв
УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан өнөөдрийн онлайн ярилцлагаар Сүхбаатар аймагтай холбогдож, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Буд, Ч.Улаан нар оролцон, аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөлтэй "Сүхбаатар аймгийн 2010 оны төсөв, тулгамдсан асуудлууд" сэдвээр харилцан санал солилцож, тэдний асуултад хариуллаа.
Онлайн ярилцлагыг УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Шаравдорж нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын үйл ажиллагааг улам нээлттэй болгох, УИХ-ын гишүүдийг сонгогдсон тойрогтой нь орон зай, цаг хугацааг товчлон уулзуулах энэхүү арга хэмжээ 13 дахь удаагаа зохион байгуулагдаж, Сүхбаатар аймагтай өнөөдөр холбогдоод байгааг онцлоод аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатарт микрофоноо шилжүүлж, аймгийнхаа тухай танилцуулга хийх боломж олгосон юм. ИТХ-ын дарга аймгийнхаа өвс тэжээлийн нөөцийн бүрдүүлэлт, өвөлжилтийн байдлын талаар дэлгэрэнгүй ярьж, халаалт болон дулаан хангамжийн асуудлаар хэрэгжсэн төслүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. ИТХ-ын дарга яриандаа, тус аймагт одоохондоо өвөлжилтийн хүндрэл бэрхшээл гараагүй байгаа ч хаврын улирал тал нутгийн хувьд эрсдэлтэй байдгийг онцолж байсан. Мөн H1N1 вирүсээр үүсгэгдсэн томуугийн шинэ халдварын эсрэг арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлсэн талаар баримт дурдан танилцуулсан юм. Тус аймагт уг өвчний вирүсээр нийт 127 хүн өвчилснөөс 101 нь эдгэсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байгаа, мөн нэг жирэмсэн эх өвчин хүндэрсэн хойно эмчид хандсанаас нас барсан зэрэг мэдээтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн аймгийн эмнэлгийн шинэ халдварын тасагт хэвтэж эмчлүүлэхээр ирж буй өвчтнүүдин тоо буурахгүй байгаа, түүний дотор жирэмсэн эхчүүд ирсээр байгааг хэлж байсан нь анхаарал татаж байв.
Дараа нь УИХ-ын гишүүд сонгогчиддоо хандан үг хэлсэн бөгөөд 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын сэдвийг голлон хөндөж ярилцлаа. Гишүүд аймгийн удирдлагуудад ирэх оныхоо төсвийг хугацаанд нь хэлэлцэн батлахыг үүрэг болгосон бөгөөд төсвийн орлогын бүрдүүлэлтэд анхаарч, зарлагаа оновчтой болгох, ингэхдээ салбарын яамдтай хамтран ажиллах нь чухал болохыг анхаарууллаа.
Онлайн ярилцлагад оролцож буй аймгийн бусад албан тушаалтнууд, иргэдийн төлөөллөөс гишүүдэд хандан асуулт тавьж, гишүүд тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өгснөөр тус аймгийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг оновчтой шийдвэрлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг зөв зарцуулах, чухал шаардлагатайгаас бусад зардлыг хэмнэхэд анхаарч ажиллах, халдварт өвчний тархалтыг бууруулах арга хэмжээг илүү боловсронгуй болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудаар нээлттэй ярилцаж, харилцан санал бодлоо солилцлоо.
Сүхбаатар аймагтай хамтран зохион байгуулсан өнөөдрийн онлайн ярилцлага нь цаг, хөрөнгө хэмнэсэн оновчтой арга хэмжээ болж чадсан төдийгүй аймгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдэхэд тус дэм болохуйц чиглэл өгч чадлаа хэмээн орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд дүгнэлээ.
Онлайн ярилцлагад Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, УИХ-ын тамгын газрын ЕНБД Ц.Шаравдорж, Хэвлэл мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, Тамгын газрын холбогдох ажилтнууд оролцлоо