Л.Болд: С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор түр хороо яаралтай байгуулья
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлынхаа талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд горимын санал гаргасан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд :
"Түр хороо байгуулах тухай өнөөдөр эсвэл маргаашийн чуулганаар хэлэлцэж баталмаар байна. Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан байгаа. Учир нь ирэх 7 хоногт Олон улсын парламентын холбооны 139-р ерөнхий чуулган болно.
Энэ үеэр С.Зоригийн аллагатай холбоотой санал дүгнэлт тогтоолоо хэлэлцэнэ. Тэр үед Монгол Улсын Их Хурал хагас жилийн дотор ямар ч алхам хийгээгүй гэх юм бол Монголын төр улс муухай харагдах юм. Тиймээс цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал учраас чуулганаар хэлэлцэж өгөхийг хүсч байна.
Ирэх 7 хоногт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон бусад төлөөлөгчид энэ хуралд оролцоно. Дээрх асуудлаар тайлан тавих ёстой. Энэ хурал бол дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон үйл явдал учраас УИХ энэ түр хороог байгуулж анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм."
УИХ-ын дарга М.Энхболд Л.Болд гишүүний гаргасан горимын санал нь шинээр мөрдөгдөж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөж байгаа талаар дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын дарга М.Энхболд:
"Дэгийн тухай хууль өөрчлөгдсөн. Энэ хуулиар горимын санал гаргах тухай заалт өөрчлөгдсөн. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудлаас өөр асуудлаар горимын санал хураахыг хориглосон. Тэгэхээр Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн бичгийн дагуу Л.Болд гишүүнтэй байнгын хороо ойлголцоод байнгын хороо нь саналаа нэгдсэн хуралдаанд оруулж ирж болно. Олон улсын хурлаас өмнө ингэж шийдэх нь зөв байх."
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын тамгын газар ажлаа сайжруулж, УИХ-ын гишүүдийг бүрэн мэдээлэлтэй байлгаж, ажлаа хийх бүрэн болоцоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.