2010.02.20

С.Эрдэнэ: Шаардлага гарвал намын даргыг огцруулах асуудлыг ч ярьж болно

МоАХ угшилтай УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллага байгуулж, холбооныхоо хурлыг хийжээ. Ингээд Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн С.Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм

-Танай холбооны байгуулагдсан зорилго юу вэ?

-Өнөөдөр Монгол Улсад ардчилсан үзэлтэй хүмүүсийг нэгтгэж, тэдний эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага шаардлагатай гэж үзээд энэ байгууллагыг санаачилсан юм. Өнөөдрийн байдлаар 92 хүн үүсгэн байгуулагчаар элссэн нь Монголд шинэчлэл шаардахгүй салбар байхгүй болсныг илтгэж байна. Нийг-мийн бүхий л хүрээнд шинэчлэл хийе гэсэн, шинэчлэлийн төлөө явж байгаа иргэдээ дэмжиж ажиллая гэдгийг бид бүхэн эрхэм зорилгоо болгож байна.

-Танай холбоог намынхаа дэргэдэх «Алтангадас»-ыг дарах зорилгоор гарч ирсэн гэсэн яриа байгаа. Магадгүй МоАХ угшилтай улстөрчдөөс бүрдэж байгаа болохоор нийгэмд тийм ойлголт төрөөд байх шиг савагддаг. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

-Зарим нэг хүмүүс тэгж харж байгаа юм шиг байна. Гэхдээ яг бүрэн утгаараа тийм биш ээ. Шинэчлэх шаардлагатай бүх салбарт манай төрийн бус байгууллага хүрч ажиллана. Улс төрийн салбарт, тэр дундаа намуудыг шинэчлэх шаардлагатай бол оролцъё.

Илэн далангүй хэлэхэд АН зогсонги байдалд орсон учраас шинэчлэх шаардлага байна шүү дээ. Төрийн түвшинд, намын удирдлагын түвшинд юу хийгдэж, ямар бодлого боловсруулж байгаа нь олон нийтэд тодорхой биш болсон. Энэ чиглэл рүү тодорхой шинэчлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг манай холбоо АН-д байгаа гишүүдээрээ дамжуулж хийнэ. Энэ байгууллагыг зөвхөн «Алтангадас»-тай өрсөлдөж тэмцэлдэх гэж биш, нийгмийн бүхий л салбарт шинэчлэл хийхийн төлөө байгуулсан. Үнэхээр нийгэмд тэр шинэчлэлийн түүчээ нь болоод, шинэчлэл хийхийн төлөө энэ холбоог байгуулсан. Өнөөдөр шинэчлэлийг хийх хүчин үгүйлэгдээд байна шүү дээ.

-МоАХ-гоор дамжуулж энэ яриад байгаа шинэчлэлийн ажлаа хийж болоогүй юм уу. Магадгүй МоАХ тамгатай, тамгагүй гэж хоёр хуваагдсанаас үүдэж ийм холбоо байгуулахад хүрсэн үү?

-Тэгж   ойлгож   болохгүй л дээ. Үндсэндээ МоАХ, Шинэ  Дэвшил  холбоо гээд  олон  холбоод Монголын түүхэнд өөрийн гэсэн үүрэг зорилгоо биелүүлсэн. Нөгөө талаараа тэдгээр холбоо тодорхой хүрээнд баригдаад, хүрээнээсээ гарч ажиллахад хүндрэлтэй  байгаа  юм. Би МоАХ-ны анхны гишүүн, дарга байсан хүн. Манай МоАХ-д тодорхой хүндрэлүүд байдаг. Тэд Ардчилсан холбоогоо өөрийн өмч болгосон, гаднаас шинэ хүмүүс орох боломжийг ямар нэг байдлаар хаадаг. Жишээ нь «Чи 1990 онд хаана байсан юм бэ» гээд бүгд холбоогоо өмчлөөд эхэлдэг, Тиймээс бидэнд нийгмийн хөдөлгөгч шинэ хүчийг бий болгох шаардлага байна гэж харсан. Тийм учраас ардчилсан хүчин гэдэг маань ардчилсан хүчнүүдийн холбоо шүү дээ. Ардчиллын төлөө гэж байгаа бүх хүчнүүдийг нэгтгэхийн төлөө ажиллана.

-Танай холбооны шинэчлэлийн асуудалд намын даргаа өөрчлөх асуудал байгаа юу. Намын дотоод зохион байгуулалтад халаа сэлгээний шинэчлэл хийх үү?

-Яагаад байж болохгүй гэж. Шаардлага хангахгүй бол бид асуудал тавихыг үгүйсгэх  аргагүй. Шаардлага  хангаж байвал хэн нэгэн. хувь хүний эсрэг юм уу, аль нэг байгууллагын эсрэг холбоогоо байгуулаагүй шүү дээ. Бид нийгмийн шинэчлэлийн төлөө, ер нь аливаа болохгүй байгаа, өөрчлөх, шинэчлэх шаардлагатай тэр бүх асуудлыг сөхнө гэж бодож байгаа. Улстөрийн шинэчлэлийн асуудал, сонгуулийн хууль, бусад хууль эрхзүйн зохицуулалтын шинэчлэлүүд гээд олон олон шинэчлэлийн асуудлууд байна. Энэ бүхэн бол маш өргөн хүрээнд тавих асуудал. Зарим хүмүүс биднийг Зүүний хүчний холбоотой эсрэгцэлдэн нөгөө талд нь байгуулж байгаа, зарим нь «Алтангадас»-тай тэмцэх зорилгоор байгуулагдаж байгаа гэхчилэн янз бүрээр тодорхойлж байна.  Шаардлагатай бол бид тэр бүх тодорхойлолтод нийцээд ажиллана шүү дээ. Үгүйсгэх арга байхгүй. Үнэхээр Зүүний хүчний холбооны явуулж байгаа бодлого улс орны эрх ашигт харшлах юм бол бид түүнийг зөв болгохын төлөө ажиллана. «Алтангадас» өнөөдөр АН-д ч юм уу, нийгэмд ч юм уу сөрөг үйл ажиллагаа явуулж байгаа бол зөв болгохын төлөө тэмцэнэ, ажиллана. Монголоо шинэчилье гэдэг дотор Монгол гэдэг нэрэнд хамаарагддаг бүхий л юманд бид оролцоно. Аль нэг салбарын холбоо биш, энэ бол дан ганц нэг салбарыг шинэчлэх хэмжээний бодлогыг тодорхойлох гэж хийж байгаа ажил ч биш. Бүхэл бүтэн Монгол орны хэмжээний шинэчлэлийг эхлүүлье гэж бид зорьж байна.

-Жишээ нь танай намд таны ярьж байгаа шиг шинэчлэл хэрэгтэй юу?

-Энэ асуудал дан ганц манай намаар тогтохгүй. Нийгмийн бүхий л салбарт шинэчлэл хэрэгтэй шүү дээ. Улстөрийн салбарт ч шаардлагатай байна. Өнөөдөр Монголд болж бүтэж байгаа салбар байна уу. Хэлэхэд хэцүү байна шүү дээ. Энэ бүхнийг шийдэхийн төлөө түүчээ нь болж явъя гэж бодож байна.

-Намын даргыг шинэчлэх шаардлагатай юу?

-Өнөөдөр энэ асуудлыг шинэ байгуулагдаж байгаа холбоотой холбож яримааргүй байна. АН-ын гишүүн, ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг тусад нь ярьж болно. Шинээр байгуулагдаж байгаа Ардчилсан хүчний холбоотой холбож яримааргүй байна. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.