“Нарны хүүхдүүд 2” цэцэрлэг нээлтээ хийлээ
Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд өнөөдөр “Нарны хүүхдүүд 2” цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Тус хорооны зорилтот бүлгийн иргэд тэр дундаа улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг иргэдийн хүүхдүүдийг хамруулах зорилготой юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан “Нямбаатар сан”, Канад Улсын иргэн Жүлий Вэлүүгийн үүсгэн байгуулсан “Вэлүү сан” ТББ хамтран уг цэцэрлэгийг төсвийн бус хөрөнгөөр буюу 100 хувь хандив тусламжаар нийт байгуулсан гэдгээрээ онцлог.
Нийт 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр бүтсэн уг цэцэрлэгт 5 бүлгийн 130 гаруй хүүхэд бүртгүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд бэлэн болоод байна. Түүнчлэн тус цэцэрлэгт зорилтод бүлгийн өрхөөс 18 хүнийг туслах ажилтнаар ажилд авсан байна.
Ингэснээр тус хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаад байгаа юм. Дашрамд дуулгахад талууд өмнө нь тус хогийн цэг дээр ажилладаг иргэдийн хүүхдүүдэд зориулж “Нарны хүүхдүүд 1” цэцэрлэгийг 2013 онд байгуулж байсан.