2019.01.29
О.Баасанхүү: М.Энхболдыг олуулаа дэмжиж байсан хүмүүс өнөөдөр огцруулахаар санал нэгджээ
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Т.Аюурсайхан гишүүн нэг удаа надаас ямар нэг юм олж, гүтгэх гээд байна гэсэн. Энэ ямар учиртай вэ? хэн гэж хүн захиалга өгсөн бэ? М.Энхболд гэдэг хүн үү? Энэ тухай танд хэн хэлсэн бэ? Төрийн түшээ хүмүүс юм чинь үнэн мөнийг хэлээд явах ёстой. Айдастай байна. Энэ бол их ноцтой асуудал юм.
М.Энхболд таниас асууя. Эрдэнэт, Тавантолгой гэх мэт том том асуудлын ард таныг байна гэж танай намынхан хэлээд байна. Та яаж энэ бүхний цаана байгаад байна вэ? Таныг олуулаа дэмжээд явж байсан хүмүүс өнөөдөр таныг огцор гээд явж байгаа шалтгаан юу вэ? Үүн дээр хариулт өгнө үү?”
Түүний асуултанд ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, М.Энхболд нар хариулт өглөө.