НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Байгалмаа нэрээ татлаа
2019.03.04

НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Байгалмаа нэрээ татлаа

НИТХ-ын XXII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргад нэр дэвшигчийг сонгох юм. МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлсэн бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийгөө нэр дэвшүүлсэн. 

Улмаар санал хураалтын тооллогын комиссыг байгуулахаар саналаа солилцож байсан ч дөнгөж сая НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Байгалмаа өөрийнхөө нэрийг татлаа. 

Ингэснээр МАН-ын бүлгээс нэр дэвшигч Р.Дагва өрсөлдөгчгүй болж түүнийг сонгох эсэх санал хураалтыг явуулах юм.  Санал хураалт ил явагдана.

Улмаар АН-ын бүлгийн зүгээс нэг хоногийн завсарлага хүссэн ч нэг цагийн завсарлага өглөө. Хуралдаан түр завсарлаад байна. 

2019.02.28 19.34 цаг 

НИТХ: Завсарлага дуусч, НИТХ-ын хуралдаан эхэллээ

МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дуусч, НИТХ-ын XXII хурал эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. НИТХ-ын даргад МАН-ын бүлгээс Р.Дагвыг нэр дэвшүүлсэн бол НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийгөө заалнаас нэр дэвшүүлсэн юм. 

Яг одоо хуралдаанаар тооллогын комиссыг сонгохоор төлөөлөгчид саналаа хэлж байна. Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байхаар ярилцаж байна. 

2019.02.28 18.00 цаг

НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлж, Ц.Байгалмаа заалнаас нэр дэвшлээ

НИТХ-ын XXII ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч н.Батнасан даргалж байна. 

Хуралдааны эхэнд С.Амарсайханыг Хотын даргаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Үргэлжлүүлэн НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулав. Заалнаас НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийгөө нэр дэвшүүллээ. 

Гэвч МАН-ын бүлгээс завсарлага хүссэнээр нэг цагийн завсарлага авлаа. 

Хуралдаан 18.30 цагаас үргэлжлүүлэн хуралдана. 

Б.Анир