С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ
2019.03.23

С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ

 "Гурван хүнийг айлган сүрдүүлж, дарамтанд оруулж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ялласан. Хэрэгт холбогдсон хүмүүс дарамтанд орж, мэдүүлэг өгсөн гэж бидэнд бичиг өгсөн" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэв. Тэрээр УИХ-ын гишүүн Л.Болдын хамтаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 2016 онд яаралтай хаасан нь зохиомол хэрэг байсан гэж олон талаар нотлогдож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд, С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ажлын баг байгуулъя гэж  хөөцөлдсөн ч гурван шатны шүүхээр тасалсан хэргийг ярьж “попорч” байна хэмээн шүүмжлүүлсэн. Гэтэл энэ хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийн мөрдөн шалгах ажиллагааны дүрс бичлэгүүд ил болсон. 1937 онд гэмгүй иргэдээр хэрэг үүрүүлэхийн тулд олон хоног нойргүй хонуулдаг байсан. 7-10 хоног нойргүй байвал юу болох вэ. Модон сандал дээр хэчнээн цагаар хоол өгөхгүй суулгавал юу болох вэ. Шөнийн цагаар эмэгтэй хүний өрөөнд хүнд гэмт хэрэгтнүүдийг оруулж айлгавал юу болох вэ. Ээжийнх нь гэрийн хашаанд хүний цогцос хаяж айлгавал юу болох вэ. Ийм аймшигтай, хүний эрхийг зөрчсөн асуудал гарчээ. Гурван хүнийг айлган сүрдүүлж, дарамтанд оруулж хэрэг үүрүүлсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүс дарамтанд орж, мэдүүлэг өгсөн гэж бидэнд бичиг өгсөн. Одоогоор нууцын зэрэглэлтэй учир энэ тухай ярих боломжгүй. Үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэнэ.

Энэ хэрэгт оролцсон хоёр мөрдөгчийг одоо хорьсон. Шоронд дарамтлах ажиллагааг тагнуулын хүнээр хийлгэсэн. Өчигдөр Ц.Нямдорж сайдын мэдээлсэн бүх зүйл үнэн. Хүний эрхийн зөвлөл, УИХ-ын гишүүнийхээ хувьд, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудлаар сүүлийн хоёр жил тэмцсэн. Жинхэнэ алуурчин, захиалагч үнэнд гүйцэгдэж байна. Удахгүй энэ хэрэг илэрнэ гэдгийг та бүхэнд мэдэгдье” хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Болд, “Шударга бусын хонгил, хуулийн тогтолцооны завхрал нурж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг задарч, гэмгүй хүмүүсийг яллаж, устгах гэж байсан аймшигтай төлөвлөгөө нь нурлаа. Хуулийн байгууллага энэ хэрэгт холбогдож байгаа нь аймшгийн дохио юм. Ээлжит бус чуулганаар хуулийн байгууллагын удирдлагыг солих асуудал орж ирэхгүй бол дөрөвдүгээр сарын 11-нд бүх нийтийн цуглаан, ажил хаялтад уриалах болно. Шударга бусын хонгил бүрэн нурах хүртэл эцсээ тултал тэмцэнэ” гэлээ.

Тэд 30 мянган хүний гарын үсэг цуглуулж, шинэ намаа байгуулах талаар мөн дурдав. Одоогоор тус намд элсэхээр таван мянган хүн гарын үсэг зуржээ. Харин шинэ намдаа нэр өгөхөөр гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж байгаа юм байна.