С.Чинзориг: Цагаан сараас өмнө тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг бүрэн утгаар нь хэрэгжүүлж дуусна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аас баталсан билээ.
Түүнчлэн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгож байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
- Өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгож байна. Үүнтэй холбоотойгоор улсын төсөвт хэчнээн төгрөг суусан бэ?
- Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор 2020 онд улсын төсөвт Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 150 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан.
Энэ хүрээнд бид бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 350,000 төгрөгт хүргэсэн бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300,000 төгрөг болгосон.
Харин бусад тэтгэврийг 25,000-30,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн Засгийн газрын шинэчлэн тогтоосон хэмжээгээр тэтгэврийг олгох арга хэмжээг улс даяар зохион байгуулж байна.
- Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдсан.
Хууль батлагдсантай холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг авна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нөхөн томилсон.
Эрдэс баялгийн зөвлөлөөс тухайн компанийн ТЭЗҮ болон нөөцийн тайланг баталсан.
Тиймээс хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу Цагаан сараас өмнө тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг бүрэн утгаар нь хэрэгжүүлж дуусна.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Эрдэнэс бонд гаргах ажил энэ сарын 24-ний өдрийг хүртэл явагдана гэсэн үг.
Бонд гаргахад цаг хугацааны хүчин зүйлс нөлөөлж буй учраас тэтгэврийг олгохдоо:
- Хоёрдугаар сарынх нь тэтгэврийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь болон зээлийн үлдэгдэл төлбөрийг суутган тооцохгүйгээр олгох,
- Нэгдүгээр сарын тухайд зээлсэн тэтгэврээс нь суутган тооцсон байсан үлдэгдэл төлбөрийг хоёрдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж олгох ажлыг Монголбанк бусад арилжааны банктай харилцан зохион байгуулж байгаа.
Өнөөдөр арилжааны нийт есөн банкаар дамжуулж Нийгмийн даатгалын сангаас тэтгэврийг олгож эхэлж байна. Ингэхдээ Засгийн газрын шийдвэрийн дагуу шинэчилж, тогтоосон хэмжээгээр олгож байгаа. Мөн хууль батлагдсантай холбоотойгоор зургаан саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврээс зээлийн төлбөрийг хоёрдугаар сараас эхлэн суутган тооцохгүй байхаар болж буй.
Түүнчлэн нэгдүгээр сарынх нь тэтгэврээс зээлийн үлдэгдэл төлбөрийг суутгасан бол тухайн төлбөрийг хоёрдугаар сарынх нь тэтгэвэр дээр тэтгэвэр хэлбэрээр олгоно.
- Зургаан саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын хувьд цаашдаа үлдэгдэл зээлээ хэрхэн төлнө гэсэн үг вэ?
- Хуулийн дагуу зургаан саяаас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй иргэдийн хувьд зөвхөн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг нь л тэглэнэ. Улмаар тухайн арилжааны банкууд зээл авагчидтайгаа гэрээгээ шинэчлэх замаар зохицуулна.
Бидний авсан мэдээллээр ХААН банк өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас ахмадуудын нэгдүгээр сарын тэтгэврийг суутгасан байсан зээлийн үлдэгдлийн хамт дансанд нь буцаан шилжүүлсэн байна.
Харин Төрийн банк тэтгэврээ дансаар авдаг иргэдийн нэгдүгээр сарын зээлд суутган тооцсон байсан тэтгэврийг Бямба гарагаас дансанд нь шилжүүлсэн байна. Тиймээс тэтгэврийн зээл тэглэх арга хэмжээ хэрэгжиж байна гэж хэлэх үндэслэлтэй.
- Хуулийн дагуу ахмад настан цаашид жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болсон. Тэгвэл зургаан сарын хугацаатай олгох зээлийн нөхцөл ямар байх бол ?
- Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор тэтгэвэр барьцаалсан зээлийг жилд нэг удаа зургаан сарын хугацаатай олгохоор хуульчилсан.
Тиймээс тэтгэвэр олгох арга хэмжээг зохион байгуулсны дараа Цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаат зээлийн нөхцөл ямар байх талаар Монголбанк арилжааны банкуудтай яриа, хэлцэл хийж, тохирохоор ажиллаж байна.
- Өнгөрсөн долоо хоногоос 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийг нэмэгдлийг олгож эхэлсэн. Засгийн газрын шийдвэрийн дагуу тэдгээр иргэн мөн нэмэгдэлтэйгээр тэтгэврээ авах уу ?
- Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн үйлчлэлд 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байгаа.
Тэдгээр иргэний тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд нийгмийн даатгалын байгууллагаас 10 хоногийн өмнөөс олгож эхэлсэн. Үүнээс гадна Засгийн газрын шийдвэрээр тэтгэврийн доод хэмжээ нэмэгдсэн учраас тэдгээр иргэдийнх ч бас давхар нэмэгдэнэ гэсэн үг.
Тэтгэврийн санхүүжилтийн асуудлыг бид нэгдүгээр сарын 31-нд шийдсэн. Тийм учраас тэтгэвэр олгох эх үүсвэр орж ирээгүй гэх асуудал байхгүй.