Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн түншлэгч талуудыг хүлээн авч уулзлаа
2020.04.09

Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн түншлэгч талуудыг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2020.04.09/ Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлан улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн ажлын байрыг хадгалах, цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нарыг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас хорио цээрийн энэ үед авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ны саналуудыг Засгийн газрын холбогдох шийдвэрт тусган ажиллаж байгаагаа онцлон хэллээ. Мөн тэрээр хүнд хэцүү цаг үед ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлаар нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа хэлээд цаашид ч сайн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, улс орны хүнд хэцүү нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад Та бүхний оролцоо чухал хэмээн онцлон дурьдав.

Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар эдийн засаг хүндэрч буй энэ цаг үед ажлын байрыг хадгалах, цалин орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байхад анхаарах нь туйлын чухал, эрсдэлийг хохирол багатай даван туулах гарц гэдгийг онцлов.

Мөн Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүсээд “Одоогийн байдлаар Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбоо, Барилгачдын ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо, Орхон аймгийн ҮЭ-ийн холбоо, Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн холбоо, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбоо, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбоо, Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн холбоо, Ховд аймгийн ҮЭ-ийн холбоо, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоо, Завхан аймгийн ҮЭ-ийн холбоо, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбоод тус тус сайдын болон засаг даргын зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл болон орж ажиллаж байна.

Харин БСШУЯ, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс аймаг болон Нийслэлд Засаг даргын зөвлөлдөө ҮЭ-ийн төлөөллийг оруулахгүй, асуудалд хойрго хандаж байна” хэмээн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвсэлд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар МАН-ын даргын хувьд онцгой анхаарал хандуулахыг хүсэв. МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар ажил олгогчдын өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлуудыг уулзалтын үеэр хөндөж тавьлаа.

Уулзалтын үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Засгийн газрын 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шуурхай захирамжийг гарган аймаг, нийслэл, салбарын сайд нарт үүрэг даалгавар болгох, “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийн хүрээнд санал солилцох уулзалтыг ойрын үед зохион байгуулах, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ны танилцуулсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газар,Ерөнхий сайдад хандсан саналын дэлгэрэнгүйг танилцуулж байна.

  • 1.Нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн тэглэх, хүндэрсэн ААН-үүд ажлын байраа хадгалбал сар бүр урамшуулал олгох арга хэмжээнд нийт аж ахуй нэгж байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулах, мөн нийгмийн даатгалыг сайн дураар даатгуулагч хувиараа хөдөлмөр эрхлэгч нийт иргэдийг даатгуулж байгаа орлогын хэмжээнээс үл хамааран хамруулах.
  • 2.Монгол Улсын Засгийн газрын “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүх түвшинд хангах.
  • 3.Ажлын байрыг хадгалах, хамгаалах, иргэд, хөдөлмөрчдийн амьдралын түвшинг бууруулахгүй байх чиглэлээр нийгмийн түншлэгч талуудын саналыг авч хамтран ажиллах.
  • 4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг шинэчилэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, дагалдан гарах журам, зааврыг боловсруулахад өмнө хүрсэн түвшинг бууруулахгүй байлгах чиглэлээр түншлэгч талууд хамтран ажиллах.
  • 5.Төсвийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, хэрэгжилтийг хангуулах.
  • 6.Шинэ сорилт, шинэ арга ажиллагаа болон улс орон, аж ахуй нэгж байгууллагын төсөв санхүү, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд гарч байгаа өөрчлөлт, бодит байдлыг харгалзан хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжилтийг хангуулан ажиллахад Засгийн газраас холбогдох яам, нийслэл орон нутагт чиглэл хүргүүлж хамтран ажиллах.
  • 7.Зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд жижиг дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор хүүгүй зээлийг бий болгон хэрэгжүүлэх.
  • 8.Банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодитой шийдвэр гаргах, холбогдох хуульд яаралтай өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх.
  • 9.Импортоор орж ирж буй технологийн зориулалттай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хорио цээрийн хугацаанд гол нэрийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор гаалийн татварыг тэглэх хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх.