Жүдочид Х.Баттулга сайдад талархал илэрхийлэв
Белградын дэвжээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа манай жүдо бөхийн баг тамирчид Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан талархал илэрхийлэхийг хүслээ. Учир нь энэ удаагийн наадамд жүдо бөхийн баг тамирчдыг оролцуулахад УИХ, Засгийн газрын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга дэмжлэг туслалцаа үзүүлж, жүдо бөхийн багийн бүх гишүүдийн зардлын асуудлыг шийдэж өгсөн юм.
П.Лхамдэгд, С.Ням-Очир хоёр маань энэ наадмын медальтан болсноор Монголын жүдочид дэлхийн бага олимп гэгддэг нэр хүндтэй их наадмын зургаан медальтай боллоо. Манай жүдочид 1995 онд Японы Фукуока хотноо болсон „Универсиад" их наадамд анх оролцож байсан бол Х.Болдбаатар 1999 онд алт, ОУХМ М. Бундмаа 2007 онд алт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 1999 онд хүрэл, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2003 онд хүрэл медалийг „Универсиад"-ын дэвжээнээс эх орондоо авчирч байсан түүхтэй.