Ард иргэдэд цочрол өгч, тархийг нь угаах төсөл хэрэгтэй
Үлгэрийн Гандирс хот мэт Казахстаны нийслэл Астана 12 нас хүрлээ. Хээр талын жижигхэн хот Казахстаны Ерөнхийлөгчийн агуу хүсэл зориг, Японы уран барималчийн зөгнөлөөр хорвоогийн найм дахь гайхамшиг болон хувирчээ. Астанад анх ирсэн хүмүүс хээр талын дунд зэрэглээ шиг гэнэт гарч ирэх энэ хотыг хараад мэл гайхдаг. Сайхан өргөн чөлөө, гэгээлэг орд харш, ер бусын усан оргилуур, орчин үеийн оффис, орон сууц, сүм хийдийн алтан ганжир, тэнгэр өөд тэмүүлсэн аварга том хөшөө. Энэ бүхэн ердөө 10 гаруйхан жилийн дотор сүндэрлэсэн гээд төсөөл дөө. Дорныхон юуг ч хурдан хийж чадахгүй гэж басамжилдаг өрнөдийнхний амыг казахчууд ёстой алгадах шиг болж, Астана хотдоо дэлхийн уран баримлын гайхамшгийг өөрийн ард түмний уламжлалтай сайхан хослуулжээ.
Казах түмний оюуны тусгал, түүний итгэл найдвар, ирээдүй болсон Астана хотын түүх нэн сонихон. 1997 онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гэнэт улсынхаа нийслэлийг Алма-Ата хотоос нүүлгэж, хойд зүгийн хүйтэн Акмол (Цагаан шүтээн) хот руу шилжүүлэх шийдвэр гаргахад олон нийт шоконд оров. Дэлхийн түүхэнд нийслэлээ зөөсөн улс орнууд бий. Гэвч ийм дэд бүтэц сайтай, баялаг түүхтэй, олон улсад нэр хүндтэй, гайхамшигтай баян бүрд болох Алма-Атагаас нүүнэ гэж байхгүй, энэ санаа хэзээ ч бүтэхгүй гэж ихэнх хүмүүс үзэж байлаа. Тэгээд ч Казахстан тусгаар улс болоод хэдхэн жил болсон, бас эдийн засаг хүндхэн байсан тул юун олон тэрбумын өртөгтэй энэ нүсэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх мантай. Гэвч Евразийн үзлийг сурталчлагч Назарбаев учирсан бэрхшээл, саад тотгорыг үл хайхран, өөрийн байр суурин дээр бат зогссоор Засгийн газар, парламентын гишүүд болон ард иргэддээ итгүүлж чадлаа.
Ингээд Акмол хотын нэрийг Астана (казахаар нийслэл) хэмээн өөрчилжээ. Энэ хот геополитикийн маш чухал байрлалд оршдог. Мөн зах хязгааргүй талд хүссэн бүхнээ чөлөөтэй барьж болно, хилээс хол тул үндэсний аюулгүй байдалд ч хэрэгтэй. Түүнчлэн Европыг Азитай холбосон зам үүгээр дайрдаг аж. Харин Назарбаев «Нийслэлээ нүүлгэх болсон хамгийн гол шалтгаан гэвэл дөнгөж үүсэн байгуулагдсан залуу улс оронд агуу том зорилго хэрэгтэй байлаа. Түүхээ шинээр, гэхдээ шинэ хуудаснаас бус харин шинэ мөрнөөс эхлэхийг бид хүссэн юм. Ард иргэдэд цочрол өгөх ер бусын этгээд шийдэл, тархийг нь угаах төсөл хэрэгтэй болсон» хэмээн тэр үеийг дурсч байна.
Ингээд казахчууд XXI зууны хот байгуулах зорилт тавьж, олон улсын уралдаан зарлахад Японы уран барималч Кишо Курокава ялжээ. Тэр бол Амстердам дахь Ван Гогийн музей, Куала Лумпурын онгоцны буудал, Осакагийн үндэстний музей, ДНК-ийн молекул шиг байшин, XX зууны шилдэг барилга гэгддэг Токио хотын Кобо цамхагийг барьсан хүн. Уран барималч Астана хотыг амьд биет хэмээн үзэж, байгаль орчин болон бусад организмтай төгс зохицон оршихоор бүтээж чаджээ. Тэрээр хуучны 200 барилга, түүний дотор олон модон байшинг үлдээн, шинэ барилгуудтай хослуулав. Иймээс л Астана хот түүхэн бөгөөд шинэлэг хот юм.
Орчин үеийн архитектурын янз бүрийн шийдэлтэй, Ази болон Европ дүр төрхийг хослуулсан Астана хот тансаг сайхан орчинд дассан хүнийг ч гайхшруулдаг. Одоо энэ хот манай гарагийн хамгийн гоё нийслэл хэмээн өргөмжлөгдөж, ЮНЕСКО-гийн медаль, Энх тайвны хот хүндэт цол, мөн дэлхийн олон орны шагнал хүртжээ.
Ерөнхийлөгч Назарбаев нийслэл хотоо шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, соёлын том төв болгох санаандаа хүрч, Астана хот Казахын ард түмний бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн билэгдэл болж чадлаа. Хотын иргэд хотдоо хайртай төдийгүй улам сайхан болгохын төлөө гар хумхилгүй ажилласаар байна.
Хотыг хэдэн арав, зуу, бүр мянган жилийн турш барих нь бий. Шинэ үе болгон хувь нэмрээ оруулж, ирээдүйг нь тодорхойлдог.
Харин 10-хан жилийн дотор хээр талд сүндэрлэсэн энэ хотын бүтээн байгуулалтад тус улсын 71 хот, барилгын 432 компани гар бие оролцож, 135 завод барилгын материалыг үйлдвэрлэж байлаа. Түүнчлэн Турк, Итали, Франц, Швейцарийн компаниуд ч хүчин зүтгэв. Байгаль орчинд хоргүй, өндөр технологи, оюуны бүтээл, орон зайг чөлөөтэй ашиглах зэрэг архитектурын гол чиглэлийг Кишо Курокава, Норман Фостер нарын алдар-тай уран барималчид удиртгал болгов. Тэд дэлхийн архитектурын эерэг болон сөрөг туршлагыг харгалзан үзсэний хүчинд Астана хотыг үлэмжийн гоё төдийгүй амьдрах тав тухыг бүрэн хангахаар барьж чаджээ. Хотын 40 мянган га талбайг зүлэгжүүлж, мод суулгасан ба байгаль хамгаалах бүсүүд нь ЗОО м хүртэл урт. Мөн завсрын бүсээр гол мөрнөө хамгаалсан тул цэвэр тунгалаг агаар, нам гүм орчин нь үнэхээр сайхан. Хэдий тийм ч хотын иргэд санаа амралгүй улам сайхан болгохын төлөө гар хумхилгүй ажилласаар байна.
Дэлхийн шилдэг архитекторчид ноён Назарбаевын Евразийн төрхтэй болгоорой гэсэн хүсэлтийг харгалзан үзэхийг хичээжээ. Үндэсний үзэл санаа, улс орны эв нэгдлийн билэг тэмдэг болсон хотоо барихаар ард түмэн санаа нэгтэй хөдөлсний хүчинд дахин давтагдашгүй, өвөрмөц төрхтэй болсон байна. Жилд 60-100 объект ашиглалтад өгч байсан гэхээр ямар хурдтай баригдсан нь төсөөлөгдөх байх. Казакстан орны бахархал Астана хотодоо дэлхийг бишрүүлж, тэнгэр баганадсан өндөр барилга, гоё сайхнаараа Токио, Нью-Йорк, Дубайтай өрсөлдөж байна. Дэлхийн хамгийн залуу нийслэл хотод 44 улсын Элчин сайдын яам, хамтарсан ба гадаадын 113 байгууллага бий.
Казахстаны билэгдэл Байтерек цамхаг агуу сүрлэг бөгөөд гайхамшигтай. Казахчуудын эртний домогт дэлхийн төвдургадаг амьдралын модны талаар өгүүлдэг. Мод үндсээрээ газрыг тогтоож, титмээрээ тэн-гэрт тулдаг төдийгүй титэм дээр нь үлгэрийн Самрук шувуу байдаг гэнэ. Түүнийг казахчууд өөрийн өвөг дээдэс хэмээн үздэг юм байна. Иймээс казахчууд 105 м өндөрт дэлхийн бөмбөрцгийг дүрсэлсэн 22 м диаметр бүхий 300 тонн жинтэй шилэн бөмбөлөг сүндэрлүүлжээ. Шидэт бөмбөлөг нарны цацрагийн нөлөөгөөр олон өнгөөр солонгордог. Алтан бөмбөлгөөс хурдны цахил-гаан шатаар дээш 97м өндөрт гаран алсыг харагчаас хотыг сонирхож болно. Энд Назарбаевын алтадмал алганы хэвэнд гараа хүргэвэл хүсэл биелнэ гэж казахчууд итгэдэг. Тэд Байтерекийг дэлхийн хүйс хэмээдэг. Үнэхээр ч тэрээр Евразийн яг төвд оршдог аж. Энд мөн уран зургийн галерей, том аквариум, зоогийн газрууд бий.
«Думан» океанариумын гурван сая литр далайн усанд 2000 загас хөвөхийг үзэж, «Шугуй» аттракционы балар ширэнгэн ойгоор зугаалж, төрөл бүрийн араатан амьтныг сонирхоорой. Астана хотын 60 мянган үзмэртэй Ерөнхийлөгчийн музей, Энх тайван эв нэгдлийн ордон, Орчин үеийн урлагийн музей, «Атамекен» цогцолбор, Үндэсний Дуурь бүжгийн театр, гайхамшигт пирамид, Соёлын музей, Соёл иргэншлийн Их сургууль, гурван хэмжээст театр, Астаны дүүжинт цэцэрлэг гээд уран барилгын гайхамшгуудыг тоочоод баршгүй. Тэр бүү хэл лорд Фостер бүхэл бүтэн дүүргийг зун нээгдэж, өвөл хаагддаг шилэн дээврээр өвч бүржээ.
Эндхийн тансаг зочид буудлуудын талаар өгүүлбэл ёстой барагдахгүй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ерөнхийлөгч Назарбаев Төв Азид сүндэрлэх хамгийн өндөр барилга «Абу Даби Плаза» зочид буудлын шав тавих ёслолын ажиллагаанд оролцлоо. Нэг тэрбум долларын өртөгтэй тус төсөлд Арабын Эмират улс идэвхтэй оролцож байгаа юм. 510 км2 талбай бүхий 88 давхар энэ барилга өндрөөрөө дэлхийд 14-т орох гэнэ.