БНСУ нийгмийн даатгалын шимтгэл буцаан төлөх таван орны тоо зургаа болсныг зарласан өдөр "нуруу тэнийх" шиг л болсон доо
Эргэн санахад...
2007 он. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байлаа. Тухайн үед бараг айл бүрээс нэг хүн БНСУ-д ажиллаж амьдарч, ар гэрээ тэжээж байв. Тэдний Монгол руу илгээсэн мөнгө олон айлын амьдралыг дээшлүүлж, олон Монгол залуусын сургалтын төлбөрт зарцуулагдаж, олон Монгол гэр бүлийн мөрөөдлөө биелүүлэх "гүүр" болж байлаа. Одоо ч ялгаагүй.
Гэвч хүний газар хамгийн хүнд гэсэн ажлуудыг хийж, олсон бүхнээ Монгол руу илгээж гэр бүлийнхээ төдийгүй улс орныхоо эдийн засагт өндөр хувь нэмэр оруулдаг ч тэдэнд төрийн хайр халамж хамгийн их дутагдаж байгаа нь ойлгомжтой байсан юм. Ихэнхи нь хараар буюу хууль бусаар ажиллаж, амьдардаг учраас тэдгээр хүмүүсийн эрх зөрчигдөх, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл газар авч байв. Ингээд "Бид тэдэндээ хэрхэн туслаж чадах вэ?" гэж бодон судалгаа хийж эхэллээ.
2007 он хүртэл БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэдийн БНСУ-ын нийгмийн даатгалын корпорацид буюу тэтгэврийн санд төлсөн мөнгө 10 тэрбум орчим вон буюу 14 орчим тэрбум төгрөг байна гэсэн судалгааны дүн гарав.
Нэгэнт л Монгол улсын иргэд БНСУ-д тэтгэвэрт гарахгүй, эх орондоо эргэн ирэх нь тодорхой зүйл байсан учраас энэхүү мөнгийг иргэддээ буцаан олгуулах нь хамгийн зөв шийдвэр хэмээн бид "хөөцөлдөж" эхэлсэн юм.
Тухайн үед гадаад ажилчдын нийгмийн даатгалд төлсөн мөнгийг буцаан олгох асуудал БНСУ-ын Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн учраас яаравчлах хэрэгтэй байлаа. Гэвч БНСУ-ын Засгийн газар асуудлыг хойшлуулж явсаар нийт таван улсын ажилчдад нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгийг нь буцаан олгохоор болсон ч Монгол улсыг багтаасангүй. Энэ мөнгө буцан орж ирсэн ч төрд бус иргэдэд шууд олгох зохицуулалтыг хийхээр бид ажиллаж байсан учраас ашиггүй гэж үзсэн үү, Монгол Улсын Засгийн газар ч нэг их ач холбогдол өгөхгүй байв.
Гэхдээ хүний нутагт ч гэлээ иргэд өөрсдийн хуримтлуулсан мөнгөө өөрсдөө л хүртэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн бид бууж өгөхийг хүссэнгүй. Дахиад хэдэн сарын хүч хөдөлмөрөө энэ ажлын төлөө зарцуулсны эцэст БНСУ-ын Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харж, нийгмийн даатгалын шимтгэл буцаан төлөх таван орны тоо зургаа болсныг зарласан өдөр "нуруу тэнийх" шиг л болсон доо.
Өөр юу ч бодох тэнхэлгүй баярлаж, энэ мэдээг сонсохдоо сууж байсан газраа их удаан сууснаа л санаж байна. Удалгүй БНСУ-ын нийгмийн даатгалын корпорациас 14 тэрбум төгрөг Монголын талд шилжин орж ирэв. Их мөнгөний сургаар нэр бүхий улс төрчид тэдний гар хөл бологсод янз бүрийн санал тавьсаар залхааж орхив. Тэд хамгийн наад зах нь л энэ мөнгийг иргэдэд буцаан олгох ажлыг зохион байгуулж, дундаас нь 1 хувийн шимтгэл авья гэцгээж байв.
Гэхдээ бид энэ мөнгийг нь эздэд нь ямар ч шимтгэл суутгалгүй хүргэх ёстой гэсэндээ бат зогсож 12360 иргэндээ 14,3 тэрбум төгрөгийг нь ямар ч шимтгэлгүйгээр буцаан олгож чадсан юм.
Гэвч бид хэдэн сар хөөцөлдөж байж иргэдийнхээ 14 тэрбум төгрөгийг Монголдоо оруулж ирж байх үед МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын тухайн үеийн ЕНБД тэргүүтэй залуус Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг Солонгосын казинод "үрж" байсан нь сүүлд тодорхой болсон юм. Энэ мөнгө одоо хүртэл эргэн төлөгдөөгүй. Чимэдцэрэн гэх залуу 10 жилийн ял сонссоноор л дууссан даа.
Үүнийг сонсоод хэдэн сарын хөдөлмөрийг минь хэн нэгэн үгүй хийсэн мэт харамсалтай санагдаж билээ. Гэхдээ хэдэн жил хүний нутагт гараа холгож, нуруугаа бөгтийтөл, зарим нь эрүүл мэндээ золиослон ажилласан залуусын минь мөнгөө эргүүлэн авах тэр баярт мөч сэтгэлийг минь цэлмээж байлаа.