Оросууд насаа, хятадууд хүүхдээ нуудаг
Хамгийн анхны хүн амын тооллого манай эриний өмнөх / МЭӨ/ 2800-2250 онд Эртний Энэтхэгт явагджээ. Харин Хятадад МЭӨ 2238 онд ийм тооллого болсон гэдэг. Эртний Иудей, Месопотами, Энэтхэг зэрэг улсууд хүн амаа тоолж байсан бөгөөд эртний Грек насанд хүрсэн эрчүүдийнхээ тоог анх МЭӨ IV зууны сүүлчээр гаргажээ.
МЭӨ II зуунд Скифийн хаан Скилур албатуудаа тоолохоор шийдэн, «Эр хүн бүр миний өргөөний өмнө сумны зэв авч ир» хэмээн тушаажээ. Зарим долигонуур иргэд үнэн учрыг ухааралгүй, хаандаа үнэнч гэдгээ харуулахын тулд олон зэв авч ирэн асгаж, тооллогыг будлиантуулсан гэдэг. Тамерлан хаан мөн ийм аргаар тооллого явуулж байв, гэхдээ сумны зэвний оронд чулуу ашиглажээ. Персийн хаан Ксеркс тоо томшгүй цэргээ тун өвөрмөц тоолж байжээ. Эртний Грекийн түүхч Геродот энэ талаар «Хаан хэсэгхэн газар 10 мянган цэргийг бие бие рүү нь шахан зогсоож, тойруулаад тойрог зурахыг тушаасан. Дараа нь тэр тойргийн дагуу хүний хүйс хүрэм өндөр хашаа босгоод цэргүүдээ бөөн бөөнөөр нь хөөж оруулан, бүгдийг тоолсон» гэж тэмдэглэсэн байна.Хуучин Библи сударт Есүс Христийг Ромын эзэнт гүрний хүн амын тооллогын үеэр төрсөн гэжээ.
Эртний Ром цэрэг та-тах, сонгууль явуулах зорилгоор МЭӨ 435 оноос хүн амаа тогтмол тоолдог болсон байна. Ромчууд тангараг өргөж, өөрийн болон гэр бүлийнхнийхээ нэр ба нас, мөн эд хөрөнгийн талаарх мэдээллээ өгдөг байжээ. Дундад зууны эхэн үед улс орнууд бие хүн, гэр бүл гэж бус харин гал голомт буюухамтын аж ахуйгаар нь тоолдог байв. Европ тивд капиталист харилцаа үүссэний дараа хүн амын тоо, нийгэм-эдийн засгийн процессийн талаар маш нарийн, баталгаатай мэдээлэл шаардагдах болсонтой холбоотойгоор АНУ, Европт төрийн статистикийн систем үүсчээ. Хамгийн анхны ийм хүн амын тооллогыг АНУ 1790 онд явуулж, дараа нь Швед, Финлянд, Англи, Дани, Норвег хийжээ. Гэхдээ тэр үеийн тооллого тодорхой цаг хугацаагүй, хатуу дүрэмгүй байсан тул дутуу тоолох үзэгдэл гарч, баримтыг боловсруулахад асар олон жил зарцуулж байлаа. Энэ тал дээр Бельгийн 1846 оны хүн амын тооллого чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Иймээс орчин үеийн статистик, хүн амын бодлогын эцэг хэмээн Бельгийн эрдэмтэн Адольф Кетлег (1796-1874) өргөмжилдөг.
Монголчууд анх оросуудыг тоолжээ
Оросын хүн амын анхны тооллогыг монголчууд татвар хураан авахын гулд 1245 онд явуулжээ. XVII зуунаас оросууд өөрсдөө тооллого хийдэг болсон, гэхдээ хүн ба гэр бүлээр бус хамтын аж ахуй эрхэлдэг байдлаар тоолж байв. 1882 оны тооллогод алдарт зохиолч Лев Толстой оролцжээ. Тэрээр орон гэргүй хүмүүсийн хоргодох газарт ажилласны дараа «Бид юу хийх вэ» хэмээх алдарт нийтлэлээ бичсэн гэдэг. Тэрээр «Үгээгүй ядууст туслах хэрэгтэй, хоёр өдөр хоосон яваа эмгэнд туслахын тулд тооллогын ажлаа хаях хэрэгтэй» гэж хэлсэн. Оросын олон зохиолч, сэхээтэн цалин хөлсгүйгээр хүн амын тооллогод ажиллаж байжээ. Энэ нь тэдний эх оронч сэтгэлгээнээс гадна ард түмний дийлэнх нь бичиг үсэггүй байсантай холбоотой. Антон Чехов сайн дураараа Сахалинд очиж, цөллөгсдийг тоолжээ.
Тэрээр айл гэрээрявж, амьдралын түүх, цөлөгдсөн шалтгааны талаар ярилцан, баялаг материал хуримтлуулан, «Сахалин арал» номоо бичсэн гэдэг. Сонирхолтой нь орос эрчүүдээс эхнэрийнх нь овог нэрийг асуухад «Би түүнийг тэгж хүндлэх хэрэг үү. Авгай бол авгай, түүнд өөр нэр байхгүй» гэж байжээ. Харин Оросын хаан II Николай эрхэлдэг ажил гэсэн асуултад «Оросын газар нутгийн эзэн» гэж хариулсан гэдэг.
Оросууд насаа, хятадууд хүүхдээ нуудаг
Гурав дахь мянганы босгон дээр НҮБ дэлхийн бүх оронд хандан, хүн амын тооллого явуулж, 10 жилд нэг удаа иргэдийнхээ фото хөргийг гаргахыг уриалжээ. Хүн амын тооллогод иргэд ердөө 15 минут зарцуулах ч улс орны дараагийн 10 жилийн амьдралд нөлөөлдөг тул олон орон энэ асуудалд ихэд нухацтай ханддаг. Турк улс ням гарагт амжин, хүн амаа тоолдог тул тооллогод хамрагдаагүй иргэд энэ өдөр гэрээс гарах эрхгүй байдаг. Парагвай, Ливи улс ч ийм журамтай. Иракийн иргэд тооллогын өдөр дуустал гэртээ байх ёстой. Тэр бүү хэл Боливийн эрх баригчид улсын хилээ хааж, галт тэрэгний хөдөлгөөнийг төдийгүй хотуудын нийтийн тээврийг ч бүрэн зогсоодог. Эндхийн иргэд тооллого дуустал гэрээс шагайх эрхгүй. аргентин , чили улс тооллогын өдөр цэнгээний газрууд, дэлгүүр, ресторан, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ байууллагуудыг хаадаг. АНУ, Их Британи, Чех улсууд тооллогоос зайлсхийгчдэд их хэмжээний торгууль оноодог бол Хятад буруу мэдээлэл өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулдаг. Харин Аргентинд тоологч тухайн гэрт ороод байсан бүх хүнийг, зочныг ч тоолох үүрэгтэй гэнэ. Орон орны тооллого өөр зорилго агуулдаг. Бразиличууд юуны өмнө хүүхдүүдийн амьдарч байгаа орчин, тэдний сургуульд хамрагдах болон бусад үйлчилгээг авах боломж, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй эсэхийг тодруулдаг аж. Бельги улс хүн амаа хотын тойрог бүрээр нарийн гаргахад их анхаардаг. Бельгичүүд тооллогын мэдээн дээр үндэслэн, Төлөөлөгчдийн танхим, хотын захиргаагаа сонгож, боловсролын байгууллагуудын ажлыг төлөвлөж, төрийн албан хаагчдын цалинг төсөвт суулгадаг. Канадчууд тооллого дээр үндэслэн Холбооны тойргуудын хилийг өөрчлөх, шинээр байгуулах, парламентад ястан үндэстний төлөөллийг адил тэгш байлгахад анхаардаг. Тэд тооллогыг иргэдэд аль болох амар байлгахыг хичээдэг тул хойт нутгийнхнаа 2-3 дугаар сард тоолдог. Учир нь тэд зунжингаа загасчлаад алга болдог гэнэ. Сонирхолтой Канадад, ялангуяа. баруун хойг нутагт майхныг хүртэл орон сууц гэж тоолдог.Манай урд хөрш БНХАУ нийт таван удаа, 1953, 1964, 1982, 1990, 2000 онд хүн амаа тоолжээ. Хамгийн сүүлд зургаан сая тоологч ажиллаж байж, нэг тэрбум 295 сая 330 мянган хүнтэй болохоо мэдэж авчээ. Хятадууд хүүхдээ нуух хандлагатай. Энд хоёр дахь хүүхэд төрүүлэхээс эхлэн торгууль ногдуулдаг билээ. Хятадууд мөн нас барсан хүнээ нуудаг, талийгаачдын нийгмийн хөнгөлөлт, тэтгэмжийг авах гэж тэр. Тэрчлэн тооллогын үеэр нуусан байруудыг илруүлдэг, яагаад гэвэл хятад хүн бүр зөвхөн ганц байртай байх ёстой. Одоо Хятад 11 дүгээр сард тооллого болох гэнэ.АНУ-д 10 жил тутамд хүн амын тооллого болдог бөгөөд 1790 оноос хойш нэг ч удаа алгасаагүй. Энэ нь Конгресст газар нутгийн сонгогчдын тоогоор төлөөлөл суудагтай холбоотой. 2000 он хүртэл АНУ-ын иргэд тооллогод идэвхгүй оролцож байсан тул Конгресс төсвөө зургаа дахин нэмж, сурталчилж эхэл сэн байна. Ингээд нэг америк хүнийг тоолоход 22-50 доллар зарцуулах болжээ. АНУ-ын 2010 оны тооллого хамгийн цөөн буюу 10 асуулттай байсан ба цагаач лал, нийгмийн даатгалын асуулт ороогүй юм. Энд асуулгыг иргэд рүү шуудангаар илгээдэг бөгөөд тэд бөглөөд сарын дотор Хүн амын тооллогын товчоо рүү явуулдаг журамтай. Харин тоологчид сарын дараа гэрээр явдаг. Гэтэл энэ удаа америкчуудын зөвхөн тал нь асуулгыг буцааж илгээн эсэргүүцэл илэрхийлжээ. Төр амьдралд нь хөндлөнгөөс оролцох нь ихэссэн хэмээн Америкийн ард түмэн дургүйцэж байна. Харин ОХУ-д нэг хүнийг тоолоход дөрвөн доллар зарцуулдаг. Одоо ОХУ-д хүн амын тооллого болж байна.
Орос эмэгтэйчүүд насаа дарж байгаа бол эрчүүд боловсролын түвшнээ дээшлүүлэн худлаа мэдээлдэг нь илэрчээ. Мөн хий үзэгдэл мэт тосгод, гацаа ч гарч ирэв. Хүмүүс нь нүүсээр, орхигдсон хотхон, тосгон олон байгаа гэнэ. ОХУ-ын өнөөгийн тооллого улстөрийн өнгө аястай болж, улс орон бараг хоёр хуваагджээ. Хөдөөгийнхөн тооллогыг дэмжиж, харин том хотууд эсэргүүцэж байна.Их Британи 10 жил тутамд, дөрөвдүгээр сард хүн амаа тоолдог. Энэ удаа орлогын талаарх асуултыг авч хаясан. Учир нь үүнээс болж олон иргэн тооллогоос зайлсхийдэг байжээ. Их Британи улс иргэдийнхээ эрүүл мэнд, ажлын нөхцлөөс өгсүүлээд ямар тээврийн хэрэгслээр ажилдаа явдаг гээд маш нарийн мэдээлэл авдаг. Энд тооллогын материалыг гэрт нь хүргэж өгдөг бөгөөд иргэд бөглөөд шуудангаар үнэгүй илгээдэг. Одоо бүр интернэтээр бөглөх юм байх. Англичууд 2011 онд хамгийн өндөр өртөгтэй /400 сая фунт стерлинг/ тооллого явуулан, цагаачдынтоог тодруулахаар зэхэж байна.
Харин тэд 2001 онд 220 сая фунт тооллогод зарцуулжээ. ЗХУ-д багтаж байсан ихэнх улс 2009-2011 онд хүн амаа тоолсон бол Украин 2012 онд хийх гэнэ. Орос, украйн иргэдийн харьцаа улстөрийг тогтворгүйжүүлнэ гээд хойшлуулсан бололтой.Ард иргэд сонгуулиар өөрсдийгөө удирдах хүмүүсийг сонгодог бол харин тооллогод оролцсоноор төрд иргэний хяналт тавих хэрэгслийг бүтээдэг гэж шинжээчид үздэг. Тооллогын үеэр шинэ баримт ч илэрх нь бий. Индонезэд хүн амын тооллогын үеэр 2868 хүнтэй, чулуун зэвсгийн үеийн папуасуудын зэрлэг омог олджээ.
Мөн 124-130 настай 22 өндөр настан илэрснээс нэг нь бур 145-тай байв. 2,5 сая иргэнтэй энэ улсын папуасуудын 312 омог тус бүр өөрийн хэлтэй. Одоо ч нум сумаараа дайтдаг зарим омгийн удирдагчид өөрийн хуулиас бусдыг хүлээн зөвшөөрдөггүй. Нэг удаа шашин, үндэс угсааны асуудал хөндсөн гээд тоологчдод торгууль ногдуулжээ. Хэрэв тэр торгуулийг төлөөгүй бол тооллогын төвийг шатаах байсан гэнэ.