Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана
ХНХЯ дотоод бүтэц, чиг үүрэг, ажлын үр дүнгийн талаар тайлан мэдээллээ солилцож, хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагатай уулзан санал солилцож байна. Энэ хүрээнд салбарын сайд А.Ариунзаяа МҮЭ-үүдийн Холбооны удирдлагуудтай уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд МҮЭ-үүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, "УИХ-д МАН олонх болж, төр, засгийн байдал тогтвортой байгаа учир бид нийгмийн түншлэлийнхээ харилцааг илүү сайжруулах хэрэгтэй байна. Сонгуулийн өмнө иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг сонгуульд оролцож байгаа бүх улс төрийн хүчин, нам, эвсэл, бие даагчдад хүргүүлсэн. Энэ хүрээнд МАН-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
"COVID-19"-ийн цар тахлын улмаас улс оронд үүсээд буй хямралыг нийгмийн түншлэлийн харилцааг сэргээснээр даван туулна гэдгийг Олон улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) илэрхийлжээ.
Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг оруулах, хэрэгжилтийг нь хангахад хамтарч ажиллах мөн ирэх оны төсвийн төсөл яригдаж байгаатай холбогдуулан гурван талт хэлэлцээрийг байгуулах, Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарлаа хандуулахад хамтран ажиллах хүсэлттэй байгаа"-гаа илэрхийлэв.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ, “ҮЭ-ийн байгууллага болон Ажил олгогч эздийн байгууллагын үүрэг, нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн түншлэгч талуудын оролцоо чухал. Цаашид ҮЭ-ийн байгууллагатай хамтран иргэд, хөдөлмөрчдийн эрх ашиг, улс эх орны хөгжил дэвшлийн төлөө хүчээ дайчлан ажиллах болно. ХНХЯ сүүлийн 10 гаруй жил нийгмийн хамгааллыг түлхүү хэрэгжүүлж ирсэн. Одоо хүний хөгжил, хөдөлмөрийн хүрээний асуудалд илүүтэй анхаарч ажиллана” гэв.
Уулзалтад МҮЭ-үүдийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар оролцлоо. МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъя, "COVID-19"-ийн цар тахлын улмаас улс оронд үүсээд буй хямралыг нийгмийн түншлэлийн харилцааг сэргээснээр даван туулна гэдгийг Олон улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас илэрхийлж байгааг дурдаад, Засгийн газар, ҮЭ, Ажил олгогчдын байгууллага нийгмийн түншлэлийг шинэ өнцгөөс харах хэрэгтэйг онцлов.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн энэ жилийн санхүүжилт Сангийн яамнаас одоог хүртэл тавигдаагүй байгаа нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд хүндрэл учруулж байгаа талаар сануулав. ХНХ-ын сайд А.Ариунзаяа, нийгмийн түншлэлийг улам хөгжүүлж, тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгохын төлөө тууштай, үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.