Америкийн нэг цэргийг бүтэн жил Афганистанд тэжээдэг мөнгөөр 20 орчим сургууль барьж болно
2010.12.28

Америкийн нэг цэргийг бүтэн жил Афганистанд тэжээдэг мөнгөөр 20 орчим сургууль барьж болно

Тэд өөрсдийнхөө тухай ингэж ярьж байна
 

АНУ-ын "The New York Times" сонины Николас Кристофийн нийтлэлийг хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна.

Ойрын хугацаанд бид төсвийн эмзэг таналт хийх ёстой. Гэхдээ Засгийн газрын зардлын асар том хэсэгт энэ нь хамаагүй бололтой. Ардчилсан намынхан болон бүгд найрамдах намынхан ч гэсэн одоог хүртэл ямар нэг ариун гэгээн, халдашгүй зүйл мэт хандаж ирсэн тэр зүйл бол Зэвсэгт хүчин ба аюулгүй байдлын зардал юм. Харин одоо энэ хорио цээрийг зөрчих цаг боллоо.


Хэдэн баримт дурдъя:


-Стокгольмын энхийн асуудлыг судлах олон улсын хүрээлэнгийн (Stockholm International Peace Research  Institute) мэдээгээр АНУ цэргийн зардалдаа дэлхийн үлдсэн бүх улс орны зардлыг нийлүүлсэнтэй адил хэмжээний хөрөнгө мөнгө зардаг аж. Түүнээс гадна манай батлан хамгаалахын зардал дэлхийд төсвөөрөө 2-т жагсдаг Хятад орныхоос даруй 6 дахин их юм.

 

-АНУ-ын цэргийн албан хаагчид 560 гаруй бааз дээр байрладаг. Тэрчлэн гадаад улс орнуудад байдаг объектууд дээр ч гэсэн. Тэдгээр баазын олонх нь 65 жилийн өмнө төгсгөл болсон дэлхийн дайнаас өвлөгдөж ирсэн шүү дээ. Тэгэхээр хэрэв Германаас манай цэргийн баазууд гарвал Орос дайрна гэж бид айж эмээдэг хэрэг үү?


-Тагнуул туршуулууд хэт олширчээ. “Маш нууц” мэдээлэлд нэвтрэх эрхтэй хүмүүсийн тоо нь Вашингтон хот, Колумбын тойргийн оршин суугчдаас ч олон байна.


-АНУ энэ жил инфляцийг тооцоод, тусгаар тогтнолын төлөөх дайн, 1812 оны дайн, Мексиктэй хийсэн дайн, Америк дахь иргэний дайн, Испан-Америкийн дайныг нийлүүлснээс ч их хөрөнгийг Афганистаны дайнд зарцуулна.

 

-Батлан хамгаалахын зардал бол сонгууль бараг нөлөөлдөггүй салбар. Ерөнхийлөгч Обама бол ардчилагч, тэрээр шинэ чиглэлийн бие төлөөлөгч. Гэвч тэр энэ жил цэргийн зардлыг ойролцоогоор 6 хувиар нэмэгдүүлэхийг гуйж байгаа. Энэ нь Зэвсэгт хүчний зардал оргил цэгтээ хүрсэн Жорж Бушийн засаглалын үеэс ч их юм.

 

Бүгднайрамдахчууд “Хэрэв дайны хэнгэрэгийг дэлдвэл энэ нь сонгогчдоос илүү олон саналыг бидэнд авч ирнэ” гэдэг. Гэтэл ардчилагчид ч ялгаагүй, “Хэрэв бид л яг тийм алхмыг хийхгүй бол сонгуульд ялагдана” гэж үздэг тухай цэргийн албан хаагч асан, одоо түүхч, Бостоны их сургуулийн профессор Эндрю Басевич мэдэгдлээ. Тэр бол саяхан гүн утга агуулгатай “Washington Rules: America’s Path to Permanent War” номоо хэвлүүлсэн билээ. Тэгээд ч профессор Басевич цэрэг армийн хүчид хэт итгэж, түшиглэхийн үнэ цэнэ зөвхөн мөнгө санхүүд оршдоггүйг сайн мэднэ. Яагаад гэвэл түүний хүү, нэгдүгээр дэслэгч Эндрю Басевич-Бага 2007 онд Иракт амь үрэгдсэн юм.

 

Намайг зөв ойлгоосой гэж би хүсч байна. Би хүчирхэг армид итгэдэг, энэ нь манай дипломатыг дэмждэг чухал элемент. Гэвч миний хэлэх гээд байгаа юм бол, дипломатын ба цэрэг, армийн оновчтой, зохистой, цогц хослол бидэнд хэрэгтэй. Гэтэл үүний оронд бидэнд одоо тэрбумтан цэргийнхэн, ядуурсан дипломатчид л байна шүү дээ.


АНУ-ын Зэвсэгт хүчний маршилж байгаа оркестрийн бүтцэд л гэхэд Төрийн департаментын гадаадад алба хашигчдаас ч олон хүн бий. Энэ үнэхээр утгагүй байгаа биз.


Тухайлбал, хэрвээ та олон алхтай бол ямар ч асуудал танд хадаас шиг төсөөлөгдөх байх. Үнэндээ орчин үед асуудлуудыг шийдэхэд цэргийн хүч нь тэр бүр үр дүнтэй арга, хэрэгсэл биш. Жишээлбэл Умард Солонгос, мөн цөмийн замналаараа алхаж буй Иран.


Үнэнийг хэлэхэд үндсэрхэгчдийн зуун гэх өнөө үед манай цэргийнхний үйл хөдлөл ихэнхдээ эсрэг үр дүн авч ирж байна. АНУ Персийн буланд болсон анхны дайны дараа Саудын Араб дахь цэргийн баазаа үлдээгээд, ийм замаар Америкийн аюулгүй байдал улам бэхжинэ гэж найдсан. Гэвч чухам түүнээс болоод Осама бин Ладен АНУ-д халдаж, өдөөн хатгасан. Өөрөөр хэлбэл чухам асар өндөр өртөгтэй цэргийн баазууд л Америкийн аюулгүй байдалд заналхийлсэн юм. Тэгээд ч дараа нь бид тэдгээр баазаа тэртэй тэргүй хаасан шүү дээ. Уг нь бид энэ их хөрөнгө мөнгийг өөрсдийн хүүхдүүдэд дээд боловсрол эзэмшүүлэхэд зарцуулсан бол дээр байсан юм.
Хачирхалтай мэт санагдаж болох ч чухамдаа Зэвсэгт хүчинд алба хаасан, хааж байгаа туршлагатай хүмүүс л цэргийн салбарт хэт их хөрөнгө оруулах аюултайг сэрэмжлүүлэгчдийн тэргүүн эгнээнд байна. Энэ талаар хамгийн их сануулж, анхааруулсан хүн бол Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр. Тэрээр “Үйлдвэрлэсэн их буу болгон, усанд тавьсан цэргийн хөлөг онгоц бүр, хөөргөсөн пуужин тус бүр нь эцсийн бүлэгт тэдгээрийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөрөнгийг өнөөдөр хоол хүнсгүй өлсч байгаа хүмүүсээс, хувцасгүй даарч хөлдөж буй иргэдээс хулгайлсан гэсэн үг” гэж хэлсэн байдаг.

 

Ерөнхийлөгч Обамагийн үед ч ялгаагүй ийм хүмүүс бий. Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс “Цэргийн зардал их, бага ялгаагүй хамгийн хянуур дүн шинжилгээнд орж байх ёстой” гэж мэдэгдсэн. Чухамдаа Батлан хамгаалахын сайд Р.Гейтс л дипломат бодлого болон хөгжлийн зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хамгийн их дэмжсэн юм. Афганистан дахь Америкийн цэргийн албан хаагчид дунд сургуулиудад их хэмжээний хөрөнгө оруулах талыг баримталж, их дэмждэг. Яагаад гэвэл боловсрол нь хэт даврах үзлийн эсрэг бөмбөгөөс илүү үр дүнтэй тэмцэх чадвартайг тэд өөрсдийн нүдээр харсан хүмүүс. Ийм л салаа зам байна даа. Америкийн нэг цэргийг бүтэн жил Афганистанд тэжээх мөнгөөр 20 орчим сургууль барьж болдог гээд төсөөл дөө.


Гэхдээ сүүлийн үед итгэл найдвар төрүүлсэн зарим нэг шинж тэмдэг илэрч байна. “Simpson-Bowles commission”-ы комиссынхон бусад салбарт хэмнэж байгаагийн адил зэр зэвсэгт зориулсан хөрөнгөөс танахыг санал болгож байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дипломат бодлогын үндсэн чиглэлүүд болон ойрын 4 жилд хөгжлийн салбарт туслах талаарх чухал илтгэлээ нийтлүүллээ. Түүнд гадаад бодлого ба дипломатад илүү их анхаарал хандуулахыг уриалжээ. Хатагтай Клинтон “Иргэдийн хөрөнгө мөнгөөр хэрэгжүүлэх төслүүд амь нас болон хөрөнгө мөнгийг хамгаална” гэжээ. Үнэхээр түүний зөв. Энэ илтгэл сайн баримт бичиг боловч түүнийг амьдралд хэрэгжүүлж болох эсэхийг харъя. Ялангуяа өнөөдөр Төлөөлөгчдийн танхимд бүгднайрамдахчууд Төрийн департаментийн төсвийг хасах тухай санал оруулж байгаа үед шүү. Тэд XXI зуунд манай Засгийн газар өөрийн иргэдээ янз бүрийн аргаар хамгаалж чадахаа харуулах ёстой. Тухайлбал өвчлөлтэй тэмцэх салбарыг санхүүжүүлэх, ирээдүйд гэмт хэргийн гаралтыг бууруулах боломжийг бүрдүүлэхийн тулд хүүхдүүдтэй ажиллах хөтөлбөрүүдийг дэмжих, орон нутгийн колледжуудыг тэтгэлгийг нэмэгдүүлэх, асар өндөр өртөгтэй дайн дажнаас сэргийлэхийн тулд дипломат арга хэмжээнд хөрөнгө оруулах зэргээр. 

Төсвийн зардлыг хэмнэхдээ дээр дурдсан алхмууд нь эцсийн бүлэгт Америкийн аюулгүй байдлын төлөө Герман дахь цэргийн баазаас ч илүүг хийж чадахыг бид мартах ёсгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.