2020.10.29

С.Ганбаатар: Зээл гуйхаасаа ичдэггүй атал Оюутолгойн гэрээг өөрчлөхөөсөө яагаад ичнэ вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо.  Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Зээл өр гуйлга гуйхаасаа ичдэггүй атал Оюутолгойн гэрээг өөрчилөхөөсөө яагаад ичээд байгаа юм бэ? Хэрэв өөрчилвөл зээл өрнөөсөө гайгүй гарах болно. Оюутолгойн гэрээг үтэр түргэн өөрчил чадахгүй бол энэ гэрээг цуцлах хэмжээнд хүртэл ярих, Монголын ард түмэнд ашигтай болгох талаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн  дүн хаана байна вэ? Зээл тусламж ярьж байгаа бол үүнийг ярих ёстой. Баялгаа өгөөд 10 гаруй тэрбумын өртэй болсон орон Монголоос өөр хаана ч байхгүй. 

Хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийн байгууллагуудтайгаа, ажил олгогч эздийн холбооны төлөөллийн байгууллагуудтайгаа зөвлөлдөж, ярьж байж тодорхой хөтөлбөр гаргасан уу? 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Оюу-Толгойн хувьд таны ярьж байгаатай санал нэг байна. Засгийн газрын 7.9 тэрбум ам.долларын өртэй болж байгаа гэж ярьж арай л болохгүй байх. АНУ-ын муж, улсууд нь өөрсдөө өртэй байдаг. Иргэдийн хувьд ч адил зээл авч эргэн төлөөд амьдардаг. Манай улс өрийнхөө хэмжээгээр дэлхийн жагсаалтын 50,60-д байхгүй.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт холбогдох албан тушаалтнаас нэмж тодрууллаа.

Миний ярих гэж байгаа зүйл бол өр зээл авах нь буруу гэж байгаа биш. Өр зээлгүй байхын тулд бид уул уурхайн баялагаа ашигтай, үр дүнтэй болгох тал дээр тулга тойрсон юм хөөцөлдөхгүйгээр Засгийн газар нь онцгой ажилламаар байна. Сангийн яамыг буруутгасангүй. Макро түвшиндээ ийм их ажилгүйдэл, ядуурал, далд эдийн засаг өссөн байхад арга байхгүй. Өр гэдэг хүсүүштэй зүйл биш. Америкчууд өөрсдөө доллараа хэвлэдэг, Дэлхийн банкны бүх шийдвэрт нөлөөлдөг. Өөрөө өөртөө өртэй орон гэж байхгүй.  Гэхдээ бид доллар хэвлэдэггүй. Бид Дэлхийн банкны шийдвэрт оролцдоггүй. Бидэнтэй бол харьцуулахын аргагүй юм.