Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.12.09/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Х.Нямбаатар, А.Ариунзаяа сайд нарт хэлэхэд НББХ зүгээр нэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ЗГ-аас хийж хэрэгжлүүлж байгаа ажлыг зүгээр нэг сонсоод өнгөрүүлэх гэж энэ мэдээллийг аваагүй. УИХ хяналт, шалгалтын үүргээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг үр дүнд хүргэхийн тулд ЗГ, ХЗДХЯ, ХНХЯ болон бусад яамдуудтайгаа яаж хамтарч ажиллах, үр дүнд хүргэх вэ гэдэг дээр л бидний гол зорилго байна. Нийгэм ч үүнийг хүсэж байна.
Яагаад гэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд оруулж ирээд батлахад санхүүжилтийг тусгаагүй учраас энэ хууль хэрэгжихгүй байна гээд ярьж байсан. Тэгснээр 2017 оноос тодорхой хэмжээний санхүүжилтийг аваад явж байгаа. Хамтарсан багт яг үнэнийг хэлэхэд нэг төгрөг ч байхгүй байна. Энэ бүх зүйлийг бүгдээрээ халах хэрэгтэй байна. Судалгаа байна, бүртгэгдсэн гэмт хэрэг буурч байгаа гэсэн боловч харин гарч байгаа гэмт хэргийн тоо өсөөд байна.
Түрүүний хэлснээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд амьдрал там болсон байна. Эргэн тойрных нь хүмүүс мэдээлдэггүй. Мэдээллэхээр нөгөө хүмүүс нь эргэж гарч ирээд дарамталдаг, амь насанд нь аюул учруулдаг ноцтой зүйлүүд байгаа учраас бид үүн дээр хувьсгал хийхгүй бол болохгүй байна. Тийм учраас НББХ бусад байнгын хороотойгоо хамтраад УИХ-ын зүгээс энэ хяналт, шалгалтын чиг үүрэг, амласан амлалт хийсэн ажлууд бодит амьдрал дээр үр дүнгээ өгч байна уу үгүй юу гэдэг дээр та нартай хамтарч ажиллана. Ажлын хэсэг ч гаргаад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах тал дээр ажиллана гэж бодож байгаа.
Эмэгтэйчүүдийн лобби бүлэг гарсан. НББХ-ны дэргэд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Үүн дээр маш олон эрэгтэй гишүүд ч орсон. Хүүхэд хамгаалалтай холбоотой Хүчирхийллийн эсрэг бүлэг гээд байгуулсан. Өнөөдрийн байдлаар 19 гишүүн байна.
Сэтгэл зүйч, хийсэн судалгаануудыг үр дүнд хүргэх, хамтарсан багийн санхүүжилтийн асуудлыг шийдэх, цагдаагийн орон тооны асуудал дээр НББХ чиглэл, тогтоолоор Засгийн газарт үүрэг өгч хамтарч ажиллана гэсэн байр сууриа илэрхийлж байна. Энэ ажил, саналуудыг ажил хэрэг болгох тал дээр ХЗДХЯ, ХНХХЯ-тай хамтарч ажиллана. Та бүхэн гишүүдээс гарсан саналыг тусгаж, ажилдаа хэрэгжүүлэх тал дээр Х.Нямбаатар сайдаа анхаараарай.