У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа.
Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ.
Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч бий. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.
Энэ явдлаас болж миний кабинетийн хоёр гишүүн огцрох хүсэлтээ өгсөн.
Би өөрөө цэргийн хүн. Дайны гал шугаман дээр өөрийнхөө командтайгаар хамт тулалдаанд орж, ялбал хамтдаа гарч, ялагдвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх байдаг.
Би энэ бүрэлдэхүүнээрээ цаашид ажиллана гэж бодож байсан кабаинетаа бүрдүүлсэн. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Үүнд их харамсаж байна. Өчигдөр ард түмэн маань санаа зовниж, ялангуяа залуус маань төр засагтаа харамсаж байгаагаа, хариуцлагагүй байгааг сануулж жагсаал хийсэн. Үүнийг маш зөв зүйл гэж бодож байгаа.
Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмэн төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Үүнийг би хүлээн авч байна. Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байх ёстой. Магадгүй энэ нь улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Ажил хийсэн бол хийсэн шиг хийдэг. Алдаа гаргасан бол тэрийгээ үүч чаддаг, хэн нэгэн хүн рүү гаргасан алдаагаа шидэж, булж, өөрөө ард нь хоргодож үлдэх нь удирдагч хүний ёс биш. Энэ эр зориг, хүүхэд байхаасаа олж авсан амьдралын философийнхоо дагуу би хариуцлагаа үүрч Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна" гэв.