Д.Ганхуяг: Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү.
"ДУУСДАГГҮЙ ЯРИА" ДУУСДАГГҮЙ СЭДВИЙГ ЭХЛҮҮЛЭВ ҮҮ?
Дэлхийд нөөцөөрөө эхний аравт багтдаг Оюутолгойн ордыг эдийн зас-гийн эргэлтэд оруулах түүхэн гэрээг үзэглэснээс хойш 14 cap ард хоцорчээ. Энэ гэрээнд гарын үсэг зурчихвал бид зовлон бэрхшээл, саад тотгорыг мартаж, Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлнэ хэмээн улстөрчид, тэр дундаа гартаа үзэг барьсан Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүч-ний сайд Д.Зоригт нар амлаж байлаа. Харин ИргЭНИЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨЛӨЛ, учир мэдэх хүмүүс хэтэрхий түүхий энэ гэрээ биднийг "зажлахгүй залгина" гэдгийг сануулсан ч биесээ өмөөрсөн маргаан мэтгэлцээний дүнд Оюутолгойн гэрээг бид өлгийдөж авсан. Өнгөрсөн хугацаанд энэ ордыг тойрсон халуун яриа улс төрөөс ангид байсан ч хүссэн хүсээгүй энэ тогоонд эргэн ирлээ. Харин сайнаар биш, саараар байх нь.
"МН-25 дугаар суваг" телевизийн "Дуусдаггүй яриа" нэвтрүүлгийн өнгөрсөн пүрэв гаригийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Алтай, Д.Ганхуяг, Д.Энхбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нар оролцов. Ирэх оны төсвийг гол сэдвээ болгосон тэдний яриа харин Оюутолгойн гэрээг байгуулахдаа бид хэрхэн алдсаныг тооцоо, судалгаатай баримттайгаар дэлгэснээрээ анхаарал татсан юм.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: -Оюутолгой, Тавантолгойн ордууд ард түмний өмч. Бид энэ ордоо эдийн засгийн зөв эргэлтэнд оруулахын төлөө явсан. Харамсалтай нь Оюутолгой буруу замаар будаа тээгээд явчихлаа. Оюутолгойн гэрээ өдөр ирэх тусам Монгол Улсад ашиггүй байгааг бид харж байна. Өнөөдөр бид Оюутолгойн 34 хувийг авчихсан л гэж ойлгоод байсан. Гэтэл тоо бодоод үзэхэд Монголын төрд 34 хувь биш 6-7 хувь ногдож байна гэсэн тооцоо гарч байгаа. Манай Засгийн газрын ноёдууд гэрээгээ ингээд байгуулчихаж. Гэрээ байгуулахдаа давуу эрхтэй хувьцааны 34 хувь гээд заачихсан байж. Тэгэхээр өөр хувьцаа ороод ирэхээр манай хувь буурчихаж байгаа. Өнөөдөр "Айвенхоу майнз" компанийн зах зээлийн үнэлгээ 12 тэрбум доллар байна. Гэтэл манайхтай гэрээ байгуулахаас өмнө хоёр тэрбум ч хүрэхгүй байсан. 10 дахин өссөн байгаа биз. 12 тэрбум долларын 34 хувь нь манайх юм бол дөрвөн тэрбум доллар нь Монголын ард түмнийх байх ёстой гэж ойлгосон. Гэтэл тийм биш байна. Ингэж Монголоо худалдаж болохгүй биздээ. Бүхэл бүтэн улсыг, ард түмэнтэй нь нийлүүлээд гадаадын аль нэг компанитай нийлээд хуурна гэдэг байж болохгүй асуудал. Эртхэн алдаагаа засаад уучлал гуйх ёстой.
УИХ-ын гишүүн З.Алтай: -Та их ноцтой зүйл ярьж байна. Би ч гэсэн 34 хувь гэж л ойлгож байгаа шүү дээ. Гэтэл зургаахан хувь байна гэдэг байж болохгүй асуудал. Хэлэх ч үг алга. Хамтарч их сайхан болно гэж итгээд л зүтгэсэн. Гэтэл улс орныг маань юу болгоод тавьчихав аа. Тэд чинь эх орноо тавиад туучихсан юм байна шүү дээ. Цаашлаад эх орон байтугай, юуг ч тавиад туучихаж мэдэх юм байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: -Гуравдугаар сард Оюутолгойн гэрээний анхны төсөл Их хуралд орж ирэхэд төрийн сайд индэр дээр гарчихаад нийт ашгийн 75 хувийг манайх авна гэж хэлж байсан. Ерөнхий сайд нь би нэр төрөөрөө баталгаажуулж байна гэж байсан. Гэтэл одоо нийт ашгийн 19 хувиас хэтрэхгүй болж таарч байна. Ингэж худлаа ярьсан хүмүүстэй хариуцлага тооцож сураасай. Энэ бол олон улсын хэмжээний асуудал. Дашдоржийн хүүг би аавыг нь мэддэг учраас гайгүй сайн байх гэж бодож байсан юм. Одоо Оюутолгойг тавиад туучихаад хариуцлага яагаад хүлээхгүй байна вэ. Хэн дуртай нь эх орноо барьцаалаад зээл авч, улс төрийн суудал авах ёсгүй. Үүнийг та бүхэн ард түмэндээ тод хэлж, ойлгуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Энхбат: -Давуу эрхтэй хувьцаа бол компанийн хувьцааны нэг хэсэг. Компаниасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Жишээ нь, зарим компанид дөнгөж 10-хан хувь байдаг. Тэгэхээр зургаан хувь гэдэг цаашид багасч ч болно. Үнэхээр гэрээнд давуу эрхтэй хувьцааны 34 хувь гэж заасан бол, тэрнийг нь Сангийн сайд ард түмний 75 хувийн өмч гэж итгүүлсэн бол гэмт хэрэг.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү. Энэ бүхэн стандарт бус гэдэг үгний цаана юу ч хийж болдог юм байна гэдгийг харуулж байна. Оюутолгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон. Өөрийнхөө уурхайн, 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг хэтэрхий ойлгомжгүй асуудал...
ОЮУТОЛГОЙН ЗЭС ОДОО Ч "ЦУХУЙЖ" БАЙГАА ЮМ БИШ
Ирэх онд бид хэдэн төгрөгөөр байшин барьж, хэдэн төгрөгөөр хувцас авч, хэдэн төгрөгөөр хооллож, хэдэн төгрөг сургалтын төлбөрт тушаах тухай ярьж байсан нэвтрүүлгийн сэдэв Оюутолгойн "зэсийг цухуйлгалаа". Гэхдээ энэ зэс дөнгөж одоо ч "цухуйж" байгаа хэрэг биш. Оюутолгойн гэрээ алдаа завхрал ихтэй, түргэн түүхий байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай сануулж, баримт дэлгэн, бүр залхтал “үглэсэн". Харин одоо л тэр бүхнийг ухаж ойлгож байна. Дэндүү харамсмаар, бас хэтэрхий хожуу ухаарал.
Ялангуяа "Давуу эрхийн хувьцаа гэдэг компанийн хувьцааны 10 хувьд ч хүрэхгүй үе байдаг, цаашид ч энэ хувьцаа буурна" гэсэн цочирдом үгсийг анхаарлаас гадуур өнгөрөөж болохгүй. Ангийн "хүүхдүүд" нь инээж байгаад эх орноо худалдсан гэдгийг тохой залган суугаа нөхөд нь илчиллээ. Тэд хариуцлага тооцох тухай ард түмний өмнө амласан. Үүнээс илүүг нуршихын хэрэг үгүй санагдана. Тиймээс Засгийн газар, Сангийн сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайдыг чиглэсэн олон "Үнэн үү?" гэсэн асуултдаа ард түмэн хариулт авна гэж найдъя. МАХН-ын 26 дугаар их хурал дээр МАХН-ын гишүүн Н.Удвал Сангийн сайдад энэ талаар асуулга тавьсан боловч нэрээ сольсон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хүрэлсүх үгийг нь "тас цавчиж" орхисон. Харин тэр Монголын ард түмний асуултыг тас цохих уу?