УИХ-аар ЗГ-ын мөрийн хөтөлбөр хэлэлцэгдлээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш боллоо. Тус хуралдаанаар “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн” төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Нэгдсэн чуулганы эхэнд Ерөнхий сайд С.Баяр “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийн” танилцуулгыг хийлээ.
Тус мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, МАХН, АН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, мөн тус хоёр намын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийн санал зэргийг үндэслэжээ.
Энэхүү мөрийн хөтөлбөрийн хамрах хүрээ нь Ерөнхий сайдын мэдээлснээр бол улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчин, бүс нутгийн хөгжил болон нийгмийн бүхий л эмзэг давхаргын асуудлыг хамарч, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөр эрхлэгчид зэрэг нийгмийн бүх давхаргын өмнө тавигдаж байгаа зорилтыг өргөн хүрээтэй хамруулан тусгахыг эрмэлзсэн, Мөн энэ удаагийн хөтөлбөр зөвхөн өөрийн эх орондоо оршин суугаа Монгол улсын иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудлаас гадна хилийн чанадад оршин сууж, сурч, хөдөлмөрлөж байгаа иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх зохицуулах зорилтыг анх удаа тусгасан аж.
Засгийн газар энэхүү мөрийн хөтөлбөр нь 312 зорилтоос бүрдэх бөгөөд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 31.5-33.0 орчим триллион төгрөг шаардагдах юм байна. Энэ хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлэх юм. Үүнд, улсын төсөв хөгжлийн сангаас 30, хувийн хөрөнгө оруулалтаас 33, гадаадын хөрөнгө оруулалтаас 30, гадаадын зээл тусламжаас долоон хувийг нь бүрдүүлэхээр тооцоолжээ.
Ерөнхий сайдын танилцуулгыг дууссаны дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа. Асуулт асуусан гишүүдийн олонхи нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Гэвч хөтөлбөрт ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийхээ дурьдсан боловч хийх гэж байгаа зүйлээ хэрхэн, яаж хийх талаар тодорхой зүйл байхгүй байгаад нилээд олон гишүүд шүүмжлэлтэй хандаж, энэ талаар лавлаж байв.
Ийнхүү гишүүд 4 цаг хэлэлцсэний дараа засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэх нь гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 50 гишүүн оролцож, 98 хувийн саналаар дэмжлээ.