Засгийн Газар "Нээлттэй хаалгатай" долоо хононо
Өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар энэ сарын 20 нд “нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах болсон хэмээн , яамдын дэд сайд болон газрын дарга нар хүрэлцэн ирж энэ өдөр хийх ажлуудаа мэдээлсэн юм. Сангийн яам, Гадаад хэргийн яамнаас бусад нь энэ сарын 20-ны өдөр уг өдөрлөгөө хийх аж.
БСШУЯ-ных Мэдээлэл технологийн үндэсний паркт 11 цагаас нээлтээ хийх юм байна. Шинжлэх ухаан, бо¬ловсролын асуудлыг нэлээн түлхүү анхаарах гэнэ. Ялан¬гуяа оюутнуудад зориулсан лавлагааг түлхүү өгөх аж. Мөн шинжлэх ухааны бүтээлийн үзэсгэлэн гарах ажээ. Түүнчлэн нийслэлийн соёл урлагийн газрууд энэ үеэр жилийн хугацаанд үзүүлэх үзвэрийн сурталчилгаагаа явуулах бөгөөд тэд үзвэрийн тасалбараа 10 хувь хямдруулж байгаа аж. Бас энэ үеэр урлагийн тоглолтууд ч болох юм байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн байрандаа 11-17 цагийн хооронд хийхээр төлөвлөжээ. Тодорхой төслүүдийн хүрээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн гаргах юм байна. Өдөрлөгийг угтаж БО-ны сайд зангиагүй уулзалт хийх аж.
НХХЯ өдөрлөгөө Сүхбаатарын талбайд хийх юм байна. Бусад салбарыг бодоход тус яамны харьяа газар, агентлагууд ард иргэдтэйгээ амьд холбоотой байдгаараа онцлогтой гэж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга О.Байгалмаа тодотгоно билээ. Улсын нийгмийн даатгалын газар, Гадаадад ажиллах хүч гаргах төв зэрэг тэдний харьяа газрууд энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж иргэдэд үйлчлэх аж.
БХЯ төв байрандаа өдөрлөг хийхээр төлөвлөсөн бөгөөд цэргийн албаны тухай багц мэдээллийг маш дэлгэрэнгүйгээр өгөх гэнэ.
ХХААХҮЯ өөрийн байрандаа өдөрлөгөө хийнэ. Өнгөрсөн жилийг маш үр бүтээлтэй байсан гэж тус яамныхан ярьж байна. Үүгээрээ бэлтгэсэн гарын авлагаа танилцуулах юм байна. Мөн шинэ яамны бүтцэд өөрчлөлт орсон учир хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.
Эрдэс, баялаг эрчим хүчний яам нь шинэ яам учир юуны түрүүн хийх ажлынхаа зорилтыг танилцуулах гэнэ. Мөн эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой маш их гомдол байдаг учир энэ өдөр тэдгээр гомдлыг үр бүтээлтэйгээр барагдуулж шийдвэрлэнэ хэмээн шинэ яам¬ны шинэ дарга амлалаа.
Харин ХЗДХЯ иргэдийн тодорхой саналыг хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тус яамны харьяа агентлагууд иргэдийн сонирхсон сэдэвт хариулт өгч, тус¬лалцаа үзүүлэх ажээ. Тухайлбал виз бүртгэл, но¬тариат зэрэг сүүлийн үед анхаарал татаж буй асуудалд ч ач холбогдол өгөх гэнэ.
ЭМЯ бүх эмнэлгээрээ тодорхой үйл ажиллагаа явуулах аж. Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг өргөн хамруулах бодлого барих ажээ.
Харин ГХЯ уг өдөрлөгийг 29-нд хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр дипломат пресс клуб байгуулах төлөвлөгөөтэй бол Сангийн яам 24-нд зохион байгуулахаар болжээ. Сангийн яам харин нэлээд онцлогтойгоор төлөвлөж байгаа юм байна. Тэд Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран хийх аж. 54 ажил хийхээр төлөвлөж байгаагаас ҮТЕГ нэг цэгийн үйлчилгээ явуулахаар зэхэж байгаа бол Гаалийн ерөнхий газраас зөвлөх баг гарч ажиллах аж. Улсын хяналтын газар үнэт чулуу хэрхэн таньж мэдэх талаар зөвлөгөө өгөх бол ГЕГ-ын эрэлч нохойн тасаг үзүүлэх тоглолт хийх аж.