Төмөр зам барих тусгай зөвшөөрөл гардууллаа
Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанид төмөр зам барих тусгай зөвшөөрөл гардууллаа. Өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан. Үүнийг 3.2.2-т төмөр замын суурь бүтцийн эхний үе шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн замыг барихаар болсон юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 283 дугаар тогтоол гарч дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажлыг МТЗ төрийн өмчит хувьцаат компанид олгосон.
Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг МТЗ төрийн өмчит хувьцаат компаниийн захирал Б.Батзаяад Төмөр замын газрын дарга Т.Батболд өнөөдөр гардуулж ажилд нь амжилт хүслээ. Тусгай зөвшөөрөл гардуулах ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга оролцож шинээр баригдах дээрх чиглэлийн 1100 км зам болон төмөр замтай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
МТЗ төрийн өмчит хувьцаат компани нь энэ хавраас барилгын ажил нь эхлэх дээрх чиглэлийн замын тендэр зарлах, барилгын ажил гүйцэтгүүлэх гээд бүх л ажилд Монгол Улсыг төлөөлж ерөнхий захиалагчаар оролцох юм. Өнгөрсөн сард энэ чиглэлд тавигдах төмөр замын нарийвчилсан чиглэл буюу трасс батлагдсан, одоо нарийвчилсан ТЭЗҮ, болон геологи, геодезийн ажлууд хийгдэж байгаа юм.
Тусгай зөвшөөрөл гардуулах үеэр хэвлэлийнхэн сайд Х.Баттулгаас ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх манай экспортын ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх гэрээ ямар шатанд байгааг лавлав. Салбарын сайд “Тарифын хөнгөлөлтийн асуудлаар Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын үед санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр дагуу гэрээ хийхээр ярилцаж байгаа. Өчигдөр, өнөөдөр л гэхэд ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг яг энэ асуудлаар холбогдох хүмүүстэй уулзалтууд хийж байгаа. Нааштайгаар шийдэгдэх байх” хэмээн хариуллаа.