Хөтөлбөрийн үр дүн нааштай байгааг сайшаалаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон ОУВС-гийн Хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж байгаа тус сангийн Ажлын хэсгийн ахлагч Стив Алан Барнет тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Монгол Улсын эдийн засгийн одоогийн байдлаас үзэхэд инфляц буурч, төгрөгийн ханш сайжран валютын нөөц нэмэгдэн мөнгөний хатуу бодлогыг аажмаар сулруулах нөхцөл бүрдэж, төсвийн алдагдал бидний тохирсон түвшинд хүрэх чиглэл рүү явж байна. ОУВС-гаас Монгол Улсын эдийн засгийг тогтвортой, өндөр өсөлттэй, инфляфийг доогуур түвшинд байлгах үүднээс Засгийн газартай тохирсон Хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлж байгаад сэтгэл ханамжтай байна гэдгээ ноён Стив Алан Барнет онцлоод гэхдээ төсвийн зарлагыг оновчтой болгох, хямрал бэрхшээлтэй энэ үед хүн амын орлого багатай, ядуу хэсгийг хамгаалахад анхаарах нь чухал юм гэлээ.
Манай оронд тодорхой хугацаанд ажиллаж, үр дүнтэй, таатай мэдээ дуулгасан ОУВС-гийн Ажлын хэсгийнхэнд УИХ-ын дарга талархал илэрхийлээд хямралыг гэтлэн давахтай холбогдсон бидний хамтын ажиллагааны хөтөлбөр зөв байсан нь эхний алхмуудаас харагдаж байна. Гэхдээ зарим бэрхшээл, анхаарууштай асуудал ч байна. Юуны өмнө манай банкны салбарын үзүүлэлт тогтворжсон байдалтай харагдаж байгаа ч хэврэг байдалтай хэвээр байгаа юм. Иймээс энэ салбарт анхаарч, чармайлттай ажиллах шаардлага тулгарч байна. Нөгөө талаар эдийн засгийн бодит секторт ахиц гарахгүй байгаагаас төсвийн орлого бүрдэхэд хүндрэл учирч мэдэхээр байна. Үндсэндээ зогсонги байдалд байгаа барилгын салбарыг сэргээхэд зээл олгох асуудалд банкууд болгоомжтой хандаж байна. Иймээс манай бодит секторт мөнгө хөрөнгө дутагдаж байгааг ОУВС-д танилцуулж, зөвлөгөө, тулслалцаа үзүүлэхийг хүслээ. Хэдийгээр хөрөнгө мөнгө хомс байгаа ч хямралын энэ үед хүн амын орлого багатай эмзэг хэсэгт үзүүлэх нийгмийн халамжийн асуудалд анхаарсаар ирсэн, цаашид ч анхаарна гэдгээ УИХ-ын дарга хэлээд Монгол Улс ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.
Зарим салбарт байдал түвэгтэй байгаа ч хөтөлбөрийн үр дүн эхнээсээ гарч байгаа тул одоогийн бодлогоо тууштай үргэлжлүүлэх нь чухал гэдгийг ноён Стив Алан Барнет онцлоод зэсийн үнэ хөтөлбөрийн хүрээнд тохирсноос харьцангуй дээгүүр байгаа. Түүнчлэн бүх салбарт эдийн засгийн үр дүн хүндхэн байгаа ч хүн амын ядуу хэсэгт туслахад бэлэн байгаагаа Засгийн газар мэдэгдсэн. Банкны салбарт ямар нэг асуудал гарвал цаг алдалгүй шийдвэртэй арга хэмжээ авч зохицуулах боломжтой гэдгээ Монголбанкныхан хэлж байгаа нь итгэл төрүүлж байгааг онцлон дурьдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, суртачилгааны хэлтэс мэдээлэв.