Албан бус салбарт ажиллагчдад зориулсан модул сургалтын гарын авлагыг танилцуулж, санал авч эхэллээ
2021.09.23

Албан бус салбарт ажиллагчдад зориулсан модул сургалтын гарын авлагыг танилцуулж, санал авч эхэллээ

МҮЭ-ийн холбоо болон ОУХБ хамтран хэрэгжүүлж байгаа албан бус эдийн засагт ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, ҮЭ-ээс үзүүлэх үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Адрага, Баян-Овоо сумдад албан бус салбарт ажиллагч ҮЭ-ийн гишүүдэд зориулсан сургалтыг 2021 оны 9 сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын багт МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, МҮЭХ-ны БАЗ Ц.Гэнэндулам, Т.Эрдэнэ болон Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун, ажлын албаны ажилтнууд ажиллалаа.

Аймгийн төвийн Хэрлэн сумын Эвт худалдааны төвийн ҮЭ-ийн хорооны гишүүд лангуу түрээслэгчид, оёдол, талх нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан МҮЭХ-ны сургалтын Эвлэлдэн нэгдэх болон хөдөлмөрлөх эрх, ХАБЭА-н асуудал сэдэвт Модуль танхимын сургалт 2021 оны 9 сарын 20-ны өдөр болж 15 хүн хамрагдав.

Модул сургалтыг 2021 оны 9 сарын 21-ны өдөр Баян-Адрага суманд үргэлжлүүлэн зохион байгуулж, сургалтын дараа сумын албан бус эдийн засагт ажиллагч тахиа үржүүлгэ, талх, нарийн боов, модон эдлэл, авто засвар, монгол гэрийн бүрээс зэрэг эдлэлийн оёдол эрхлэгч, цайны газар ажиллуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байраар явж танилцан хөдөлмөр, нийгмийн даатгал, ХАБЭА-н асуудлаар зөвлөгөө өгч санал бодлыг сонслоо. Оролцогчдын зүгээс зээл тусламжид хамрагдаж байгаа, бизнесээ өргөжүүлэн тогтвортой ажиллах хүсэлтэй байгаа гэхдээ цаашид орон нутагт мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал үүсээд байгаа дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн бизнес, санхүүгийн ур чадварыг дээшлүүлэх сургалт мэдээлэл хэрэгцээтэй талаар хэлж байлаа.

Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд 2021 оны 9 сарын 22-ны өдөр сургалтыг зохион байгууллаа. Сургалтын нээлтийн өмнө сумын Засаг дарга Д.Баянмөнх, Баян-Овоо сумын ҮЭ-ийн холбооны дарга Ж.Бавуудорж нар сургалтын багийнхныг хүлээн авч уулзан орон нутагт хувиараа хөдөлмөр эрхлэгчид, сумын ҮЭ-ийн холбооноос явуулж байгаа ажлын талаар танилцууллаа. Сургалтанд Баян-Овоо суманд зөгийн аж ахуй, талх нарийн боов, худалдаа хувиараа эрхэлж байгаа иргэд хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтын зорилго нь МҮЭХ-ноос боловсруулж байгаа албан бус эдийн засагт ажиллагч ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнуудад зориулсан Модул сургалтын гарын авлагыг гишүүд, ажилчдад танилцуулах, тэдний саналыг авч сайжруулах явдал юм.