2021.10.28

Л.Мөнхбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэж байгаа Шүүхийн шинэтгэлийн асуудал гацах нь байна шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль эцэслэн батлагдах гэж байна. Төслийг нь дэмжиж байгаа ч цэцийн их суудалтай холбоотой маргаантай, эргэлзээтэй асуудал үүсээд байна. МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өмнөх ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтийг, шүүхийн тухай хуулийн холбогдох заалт, үндсэн хууль зөрчсөн талаарх  хүсэлтийг татаж авсан. УИХ-аас хийж байгаа шүүхийн шинэтгэлийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилох үндэс нь бүрдээд байгууллагын үйл явц явагдаж байна.

Гэхдээ их суудлын хуралдаанаар хэлэлцэх нэг зүйлийг орхигдуулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүдийг томилохдоо төрийн эрх мэдлийн институци хоорондын тэнцвэртэй оролцоог хангах ёстой гэсэн маргаан байгаа. Энэ маргааныг Цэц буцаалаа гэсэн шийдвэр гараагүй, зөвхөн Ерөнхийлөгч хүсэлт гаргасантай холбогдуулан шийдвэрээ гаргасан.

Тэгэхээр цаашдаа хэн нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмынхаа дагуу институц хоорондын тэнцвэртэй байдлыг хангаагүй байна гэсэн өргөдөл гаргах юм бол энэ хууль нь ахиад гацах асуудал үүснэ. Зүй нь бол Цэц асуудлыг хоёуланг нь хамтад нь хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн хүсэлтийг, институц хоорондын тэнцвэртэй байдлын маргааныг хамтад нь шийдээгүйгээс ийм байдал үүснэ.

Ажлын хэсгийнхэн хэр мэдээлэлтэй байна вэ? Үндсэн хуулийн цэцэд энэ талаар тодорхой иргэн өргөдөл гаргасан зүйл байгаа уу? Үүнийг ижил агуулгатай зүйл гэж үзэхгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн хүсэлтийг шийдсэн байдал нь татан авсантай холбоотой асуудал учраас уг маргааныг иргэн хүн үүсгэх юм бол хэлэлцээд явна. Тодорхой шийдвэр гарах юм бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэж байгаа Шүүхийн шинэтгэлийн асуудал гацах зүйл нь хэвээрээ байна шүү гэдгийг хэлье.

Хууль зүйн байнгын хороон дарга С.Бямбацогт түүний асуултад хариулав.