2021.11.04

Б.Энхбаяр: Койнтой холбоотой хууль эрхзүйн зохицуулалт байхгүй, иргэн өөрөө араа даана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

ХЗХ гарч 30 аад мянган иргэдийн 120 тэрбум орчим төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлыг барагдуулахаар хууль гарч 50 хувийн олгож байсан. Яагаад гэхээр 4-5 жилийн өмнө баталсан Хоршооны тухай хуулийг батлахдаа пирамид тогтолцооны луйврыг хаах үүд хаалгыг төр өөрөө хаагаагүй учраас алдаагаа төр хуваалцаж татвар төлөгчийн мөнгөнөөс 60 орчим тэрбум төгрөгийг барагдуулж байсан.

Одоо 15 жилийн дараа үүсэж байгаа шинэ нөхцөл байдал бол койентой холбоотой асуудал. Монголбанк болон СЗХ-ноос танилцуулж байгаа мэдээнээс харахад өмнө нь СЗХ-оос хохирсон иргэдээс 10 дахин их эргэлдэж байгаа мөнгөний хувьд ч мөн тухай үеийн нөхцөл байдлаас 10 дахин их мөнгө эргэлдэж байна. Нэгэнт дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой харагдаж байна.

Миний хувьд мөнгөний бодлого гаргадаг энэ чиглэлийн хүн биш ч гэсэн хуулийн хувьд мэдрэмж байна. Монголбанк, СЗХ-оос удаа дараа ард иргэддээ сэрэмжлүүлэг гаргаж байгаа. Энэ нь зөв, энэ чиглэлийн хууль тогтоомж байхгүй. Энэ сэрэмжлүүлгийг дэмжиж ард иргэддээ дахин сануулъя. Эрсдэлээ та өөрөө үүрнэ, төр хариуцахгүй хууль байхгүй, араа иргэн та өөрөө хариуцна. Үнэгүй бяслаг хавханд байдаг юм.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn