Ч.Ундрам: Ковидын үед банкуудад үзүүлсэн хөнгөлөлтүүд байхгүй болоход чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувьд хүрэх вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Монголбанк 2020 оны 10 дугаар сараас хойш ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулсан. Үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ бол түүхэндээ 1 жилд гарсан хамгийн өндөр зээл юм. Гэтэл нөгөө талд үл хөдлөхийн үнийн өсөлт байна. Тэнхлэг зуучийн гаргаснаар 2021 оны 9 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ 1 мкв тутамдаа 15.8 хувиар өссөн байна. Oлон улстай харьцуулаад харах юм бол Knight Frank's Global House Price Index-ээр дэлхийн дундаж өсөлт 6 хувь хүрэхгүй байна.
Бид байрны үнэ 15.8 хувиар өсөөд байхад ипотекийн хүүгээ 6 болгоод ямар ч үр дүнгүй байна. Та бүхний өгсөн материал дээр хүүгээ 6 болгосноор зээлдэгчийн хүүгийн хэмжээ 20 хувиар багасч байна гэж бичжээ. Энэ одоо ямар тооцоо судалгаан дээр гарч ирж байна вэ? Үүнд Монголбанкны бодлогын тохируулга гэж алга. Одоо оны төгсгөлөөр ипотекийн зээлээ татна гэж байгаа нь ниргэсэн хойно нь хашгирна гэгч болж байна. энэ талд ямар бодолтой байна вэ Б.Лхагвасүрэн даргаа?
Хоёрдугаарт, хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн хэмжээ 10.1 хувь гэсэн статистик байна. Ковидын үед банкуудад үзүүлсэн хөнгөлөлтүүд байхгүй болохоор чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувьд хүрэх вэ?
Олон улсын байгууллагууд, хөндлөнгийн шинжээчид 20 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл гаргаж байна. Тэгэхээр дараа жил банкууд маш их хэмжээний эрсдлийн сан байгуулах юм байна.
Гэтэл зээлийн өсөлттэй 2022 онд 16.1 хувь байна гэж оруулж ирж, дээрээс нь банкууд ирэх жил IPO гаргана. Банкууд зээлээ гаргаж чадах юмуу?
Иргэд гоё баланс хараад хувьцааг нь авчихдаг, дараа нь банк нь зээл ч гаргаж чадахгүй өчнөөн олон чанаргүй зээлтэй болох дүр зураг харагдаж байна.
2022 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого хэд гэж төсөөлж байгаа вэ Б.Лхагвасүрэн даргаа? 2030 онд 17500 ам.доллар болгоно гээд Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал баталсан байгаа. 2030 он хүртэл 9 жилд үндэсний нийт орлого хэдэн хувьтай байж энэ тоонд хүрэх вэ? Та ямар прогноз тооцоо хийсэн бэ? Гэсэн 3 асуулт асууя.
УЙИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.