2021.11.04

Б.Баттөмөр: Санхүүгийн хүртээмжтэй байдал тэгш бус байгааг арилгах чиглэлд юу хийж болох вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай эдийн засаг 2010-2020 оны хооронд 10 жилийн хугацаанд дундаж өсөлт нь 6.3 хувь байгаа нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Эдийн засаг өндөр өсөөд байхад ядуурал буурдаггүй хүн амын 30 хувь болчихсон байна. Би хүртээмжит өсөлтийн тухай ярих гээд байна.

Манай улсын эдийн засгийн хэдэн хувь нь хүртээмжит эдийн засгийн өсөлт байна вэ? Жил бүр тооцдог юм уу? Хүртээмжит эдийн засгийн өсөлтийг? 2021 онд ямар байх нь вэ, 2022 онд хэд байх нь вэ гэж? Хандлагыг нь асууж байгаа юм.

Дараагийн асуулт нь ОУВС-аас хүртээмжтэй өсөлтийн талаар тодорхойлолт гаргасан байдаг л даа. Тэнцвэртэй өгөөж, оролцоо, боломж гэсэн 3 хэсэгт хуваасан байдаг. Тэнцвэртэй өгөөж нь ядуурлыг бууруулах, яс хүйс угсаа гарвалаас үл хамааран хүн бүрийн орлого нэмэгдэж байхыг ойлгодог. Оролцоо гэдэг үзүүлэлт нь эдийн засгийн амьдралд оролцох, бүтээмжтэй ажил эрхлэх, хүртээмжтэй бөгөөд чанартай ажлын байр бий болгох асуудал байгаа юм. Боломж гэдэг нь нийгмийн тэгш байдал боломж олгодог бол хувь хүний орлого, тэдний хичээл зүтгэл чадвараар тодорхойлогддог юм байна. Монгол Улсын эдийн засгийн хүртээмжтэй байдлыг дүгнэхээр орлогын тэгш бус байдлыг өндөр байна, ядуурлын түвшин өндөр байна, эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайн биш байна. боловсролын үйлчилгээний чанар ялгаатай байна. Санхүүгийн хүртээмжтэй байдал муу байна. Тогтвортой хөгжлийн асуудал тулгамдсан хэвээрээ байна. Тэгэхээр энэ бүрт анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг хэлэхийг хүсч байна.

Дараагийн асуудал нь нийт баялгийн дийлэнх нь хүн амын 1 хүртэлх хувьд оногдож байх юм бол хөгжлийн олигархжсан загвар гэж нэрлэдэг. Энэ нь цөөн тооны хүмүүс хагартлаа баяжиж, улс орон өрөнд баригдаж, улс орон ядууралд идэгдэж, ард түмэн нь ядуу зүдүү амьдардаг ийм л загвар байгаа юм. Лоренцийн муруй манайд ямар байна? Зардлын жини коэффицент гэж байдаг.

Жини коэффицентээр тооцвол орлогын тэгш бус байдал ямар байна?

Ядуурлын шугамаар тооцсон ядуурлын түвшин бусад оронтой харьцуулахад ямар байна?

Манайд ББСБ-ууд данс нээсэн байдлаараа бол өндөр  үзүүлэлттэй ч дансанд байршсан мөнгөнийхөө дүнгээр бол бага үзүүлэлттэй байна.

Санхүүгийн хүртээмжтэй байдал тэгш бус байна. Үүнийг арилгах  чиглэлд юу хийж болох вэ гэсэн асуултуудад хариулт авья.

Түүний асуултад Төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.