Ерөнхийлөгчийн хүсэлтээр өлсгөлөнгөө зогсоолоо
2009.08.20

Ерөнхийлөгчийн хүсэлтээр өлсгөлөнгөө зогсоолоо

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаа иргэн Ц.Энхбаяр болон 7-р сарын 1-ний үеэр хохирсон бусад иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Хохирогчид 7-р сарын 1-нээс хойш нөхцөл байдал ямар байдалтай байгаа тухай Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй танилцууллаа.


Шийдвэр нь гарчихаад байгаа нөхөн олговрыг яаралтай өгүүлж, шархадсан 3 залуугийн эрүүл, мэнд эмчилгээний асуудлыг эрх мэдлийнхээ хэмжээнд шийдэж өгнө үү гэдэг хүсэлтийг тэд тавьсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нөхцөл байдлын талаар мэдэж байгаа, өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг анхаарлынхаа гадна үлдээж байгаагүй гээд, тодорхой асуудлуудаар сайн мэдээ байгааг дуулгалаа.

Тухайлбал, 7-р сарын 1-нд амиа алдагсдын дурсгалд зориулсан хөшөөний газрын асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан бичиг явуулж байсан юм. Үүний дагуу Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд газар олгох асуудлыг Улаанбаатар хотын удирдлагуудтай ярьж байна. Мөн буудуулж шархадсан 3 хохирогчийг Ерөнхийлөгчийн анхаарал тавьсны дагуу “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт оношлуулахаар болсон билээ. Ингэснээр гадаадын бусад орнуудад мэс засал хийхэд оношийн хувьд төвөггүй болох юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хохирогчдод хандан , эрүүл мэндээ бодоод өлсгөлөнгөө зогсоох хүсэлтийг тавьж, цаашдаа ч тэдний асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Хохирогчид Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч, өлсгөлөнгөө зогсоолоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.