Иргэдийн санал, хүсэлтийг 8 сарын 20 хүртэл хүлээн авна
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 2008 оны илтгэлийн “2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх” гэсэн Нэгдүгээр бүлгийг хэлэлцэхтэй холбогдуулж дээрх нөхцөл байдлын улмаас холбогдох хууль тогтоомжийг зөрчин цагдан хоригдож байсан хүмүүст эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилсон, хууль бусаар цагдан хорьсоны улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн, түүнчлэн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гэх хэргүүдэд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх болон хүнийг хууль бусаар хорихыг хориглосон хуулийн заалт зөрчигдсөн эсэх асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдээс тайлбар, мэдээлэл авах, Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан болно.
Уг ажлын хэсэг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, З.Энхболд, Ж.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Дээрх асуудалтай холбоотой иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд хандан ирүүлэх, эсхүл Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны 263526, 262569 утсанд тус тус хүлээн авч байна.