Цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд эх орондоо ирлээ. Тэрээр ирэнгүүтээ 9-р сарын 17-ны өдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд М.Энхболд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр нартай уулзлаа.
Ерөнхийлөгч, өвлийн бэлтгэл ажил болон маргаашнаас цаг агаар хүндрэхтэй холбогдуулан урьдчилан авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсохыг хүссэн юм.
Шадар сайд М.Энхболд танилцуулахдаа, “Өвлийн бэлтгэл ажлын талаар өчигдрийн засгийн хуралдаанаар ярьсан. Өнөөдөр зарим орон нутгийн эрчим хүчний станцууд хүндрэлтэй байдалд байгаа. Ялангуяа Ховд, Өмнөговь аймгуудын эрчим хүчний станц ажиллах бололцоо муу байна. Станцуудыг засварт оруулахын тулд шаардлагатай байгаа хөрөнгө мөнгийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин ярилцаж, эцэслэн шийдье гэсэн чиглэлтэй байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга холбогдох салбар хариуцсан сайдуудтай нөхцөл байдлыг судалж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн өвлийн бэлтгэл ажил дууссан.
Маргаашнаас нутгийн баруун хэсгээр цаг агаар ширүүсч, 19-20-ны өдрүүдээр төвийн болон зүүн зүгийн нутгаар цасан шуурга шуурах магадлалтай байгаа. Баруун хойноос зүүн тийш урсгалтай агаарын циклон өнгөрнө гэсэн урьдчилсан мэдээ бий. Бид мэдээллийг ард иргэдэд хүргэж эхэлсэн. Хэдийгээр амралтын өдрүүд таарч, сургууль цэцэрлэгийн хөл хөдөлгөөн байхгүй байх боловч, аль болох бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, онцын шаардлагагүй бол хээр замд гарахгүй байх талаар сануулж байна. Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд тариа хураалтын явцтай танилцах, зарим яаралтай арга хэмжээг авахаар өнөөдөр хөдөө явлаа” гэж ярилаа.
ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, улсын нөөцөнд байх ёстой өвс тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байгаа тухай танилцууллаа. Аймгуудын онгой байдлын комиссууд нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээллийг алслагдсан нутгийн малчдад хүргэх ажлыг хариуцан хийж байгаа юм байна. Телевиз, сонин, гар утас, радио гээд мэдээллийн бүх хэрэгслийг ашиглаж байна гэж ярилаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нүүрсний татан авалт, үнэ, усан цахилгаан станцуудын нөхцөл байдал, ургац хураалтын талаар мөн асуулт тавьж, хариулт авсан. Ойрын үед болзошгүй цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, эрчим хүчний хүндрэл байнга гарч байдаг баруун аймгуудад онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авч ажиллах талаар харилцан ярилцаж, зарим үүрэг чиглэлийг өглөө