Нэг хүн осгож, гурван хүн сураггүй алга болжээ
Хүчтэй цасан шуурганы үеэр нэг хүн осгож, гурван хүн сураггүй алга болжээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Булган аймгийн Сэлэнгэ суманд нэг хүн осгож нас барсан байна. Тэрбээр айлаас ямаа авахаар явж байгаад ийнхүү осолджээ. Түүний цогцос айлаас 100 метрийн зайд жалганаас олдсон байна. Мөн Өвөрхангай аймгийн Богд сум, Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Говь-Алтай аймгийн Бигэр сумын гурван иргэн сураггүй алга болжээ.
Онцгой байдлын хэлтэс болон орон нутгаас томилогдсон бүлгүүд эрлийн ажиллагааг явуулж байгаа аж. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын Баяндаваа гэдэг газарт Өвөрхангай аймгаас туувраар ирсэн малчны 200 толгой адуу шуурганд уруудсан мэдээ байна. Түүнчлэн хүчтэй салхины улмаас Баянхонгор аймгийн Баянговь суманд үүрэн телефоны "Мобиком" компанийн дахин дамжуулах станцын антенн унаж, сүлжээнд нь саатал гараад байгаа аж. Мөн Говь-Алтай, Архангай аймагт барилгын дээвэр хуурч, айлуудын гэр, хашаа нурж нэлээд хэмжээний хохирол учирчээ.