""7-р сарын 1-ний хэрэг хэзээ ч хуучрахгүй", УИХ-ын ажлын хэсэгт дүгнэлт хүргүүллээ
2009.09.21

""7-р сарын 1-ний хэрэг хэзээ ч хуучрахгүй", УИХ-ын ажлын хэсэгт дүгнэлт хүргүүллээ

Энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монголын Ардчилсан Холбооноос иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн судлаачдыг оролцуулан “7 сарын 1-нд үнэлэлт дүгнэлт өгөх нь” сэдэв доор “Монгол улсын ардчиллын үнэлгээ, дүгнэлт” сэдвээр судлаачид, ТББ, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн хамтран “Монголын ардчилал” сэдвээр онол-практикийн хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Үүнээс УИХ-ын 7 сарын 1-ны асуудал хариуцсан ажлын хэсэгт хандсан дараахь дүгнэлтэд хүрчээ.

Үүнд:
1. Монгол улсын ардчилсан шилжилт 1999 оноос хойш ухралтын байдалд орж, ардчиллын чанарын асуудал орхигдож ирсэн. Ардчиллын интситуцүүд бий болсон авч тэдгээр нь үр өгөөжгүй, чанаргүй, баталгаагүй байна. Онол ёсоор ардчилсан нийгэмд шилжих шилжилт 10-15 жил үргэлжилдэг атал Монгол улсад шилжилтийн үе үргэлжилсээр 20 жил болсны дараа бид ардчилсан бус, харин автократ дэглэмд шилжин орсныг онолыг үзүүлэлтүүдээр тогтоож байна. Монгол улсад хүний ба иргэний үндсэн эрхүүд баталгаажиж чадаагүй, иргэдийн улс төрийн тэгш эрхт оролцоо хангагдаагүй, эрх мэдлийн бүтэц зөвхөн тодорхой бүлэглэлийн өмнө л нээлттэй, шүүх засаглал бүрэн хараат хэвээрээ, хэвлэл мэдээлэл хараат, шийдвэр гаргах зам нууцлаг агаад ойлгомжгүй явсаар байна. Учир битүүлэг энэ байдал нь Монгол улсад авилгал, хээл хахууль ноёрхож, хуучинсаг дарангуйллын систем өөрийгөө шинэ төвшинд хөгжүүлэн аварч үлдсэнийг баталж байна. Энэ нөхцөлд “7-р сарын 1”-ний өдөр иргэний эрхээ шаардсан улс төрийн цуглаан болох нь гарцаагүй байлаа.

2. УИХ-ын 2008 оны сонгуулийг эрх баригчид будлиантуулснаас үүдэлтэй, улмаар ардчилсан засагалал үгүйлэгдсэний улмаас өрнөсөн 2008 оны 7-р сарын 1-ний өдрийн эсэргүүцлийн цуглааныг ардчилсан аргаар зохицуулж чадаагүй нь Монгол улсад ардчилал бодит утгаараа хэргэжиж чадахгүй болсны илрэл байлаа. Энэ цуглааныг ардчилсан аргаар зохицуулж чадаагүй явдал бол Онц байдлыг зарласан тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд асан, Онц байдлын хороог удирдаж байсан Ц.Мөнх-Оргил нарын хариуцлага.

3. А. Онц байдал тогтоосон нь өөрөө тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн үйлдэл болсон. Б. Онц байдал тогтоохдоо иргэдэд хангалттай сануулан ойлгуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж гэрт нь хариулахын оронд телевизээр ерөнхийлөгч Н.Энхбаяр Онц байдал зарласан төдий болсон. Олон нийтэд мэдээллийг сайн хүргээгүй. В. Онц байдал зарлахтай зэрэгцээд, зарлахаас ч өмнө огт мэдээлэлгүй явсан иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж эхэлсэн. Г. Онц байдал зарласнаас хойш МАХН-ын байрыг хамгаалалтад авахын оронд харин ч хамгаалалтгүй үлдээж, мэдээлэлгүй явсан иргэд, хүүхдүүдийг санаатайгаар хамгаалалтад авсан объект руу нэвтрүүлж, эцэст нь тэднийг улс төрийн ялтан болгож хэлмэгдүүлсэн. Д. Цагдаа нарт буруу мэдээлэл өгч цагдаа иргэдийн хооронд өс хонзон үүсгэсэн. Учир нь цагдаа нар баривчилгаа явуулахдаа баривчлагдсан иргэдийг “Та нар биднийг алсан гэл үү” хэмээн зодож дарамталж байжээ. Цагдаа амь үрэгдсэн гэсэн худал мэдээлэл тараасан. Е. Баривчилгааны үеэр хүний эрхийг онц ноцтой зөрчиж, баривчлагдсан иргэдийг бүгдийг тонон дээрэмдэж, зодож, хүчээр хэрэг тулгаж байв. 7-р сарын 10-ныг хүртэл баривчилсан хүний тоогоор ихээхэн мөнгөн шагнал урамшуулал амласан баримт дэлгэгдлээ. Өдөр нь намын байрны өмнө цагдаа нарт санаатайгаар хамгаалах тушаал өгөөгүй, санаатайгаар цөөн тооны цагдааг хуурах төдий хамгаалалт хийлгэж байгаад гэнэт буцааж татсан тул цугларсан иргэдийг зориг оруулсан. Цагдаа нар хамгаалалтын бамбайнхаа ард тушаал хүлээн явган шог яриад инээлдэж суусан.

4. “7-р сарын 1” –ний үйл явдал нь иргэдийн улс төрийн оролцооны эрхээ шаардсан, урьдчилан зохион байгуулаагүй улс төрийн үйл ажиллагаа байлаа. Олон жилийн хуримтлагдсан бухимдал тэсэрсэн. Хэрэв урьдчилсан зохион байгуулсан бол цугларсан иргэд ядаж л нүүрээ нуун баг өмсөж, бүрэн зохион байгуулалттай хувцасалсан байх байлаа. Үүнийг сонгууль будлиантуулагчид огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шүүх засаглал хараат байгаагийн өөр нэгэн илрэл мөн. Шүүх хараат учраас тэд эмээж ичихгүй байна.

5. Хүний алтан амь эрсэдлээ. Албан ёсоор 5 хүний амийг бүрэлгэсэн авч албан бусаар түүнээс олон тоо байна. Баримт ч байна. Онц байдал тогтоосон үед хүний амийг хороосон нь Онц байдлын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Онц байдлын үед цазаар авах ял үйлдэхийг хориглосон байдаг. Гэтэл талийгаач нарыг араас хөөж гүйцээд ар дагзнаас нь буудсан нь шүүхийн тогтоолгүйгээр цаазаар авсан 1937 оны хэлмэгдүүлэлтэй эн тэнцүү яргалал мөн. Энэ хариуцлагыг Онц байдлын штабыг хариуцаж байсан ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил бүрэн үүрэх ёстой. МАХН-ын байранд алуулсан иргэний цогцост ар гэрийнхэнд нь дуулгалгүй задлан шинжилгээ хийсэн асуудлыг ч мөн Ц.Мөнх-Оргил үүрэх ёстой. Онц байдлын үеэр хэнийг ч цаазаар авах ёсгүй болохыг ахин сануулж байна.

6. Улс төрийн үзэл бодлоо илэрхийлсний улмаас баривчлагдсан иргэдэд Монгол улсын шүүх засаглал нь ардчилсан дүрмээ даган эрх мэдлээ хуваалцахыг хүсдэггүй улс төрийн хүчнээс бүрэн хараат байдлаар ял оноосон. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд “Улс төрийн үзэл бодлоо илэрхийлсний улмаас эрүүгийн хариуцлага үүрэх ёсгүй” гэсэн хуулийн заалтыг огт харгалзаж үзээгүй. Шүүхийн шийдвэр нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн, дээрээс өгсөн заалтаар явсан. 7-р сарын 2-4-ний хомэдээллийн эрх чөлөөг бүрэн боомилсон. Улмаар “7-р сарын 1”-тэй холбоотой дараа дараагийн бүхий л улс төрийн үйл ажиллагаануудыг яллан, Монгол улс ардчиллаас бүрэн ухарсан болохоо харуулсан. Үзэл бодлоо илэрхийлэх хүний үндсэн эрх хаагджээ.

Дүгнэлт:
  1. УИХ-ын “7-р сарын 1”-ний асуудал хариуцсан ажлын хэсэг дээр дурдсан ардчиллын алхмаас ухарсан ноцтой зөрчлүүдийг харгалзан үзэж, улс төрийн оролцооны эрхээ эдлэхийг хүсэн яллуулсан иргэдийн хэргийг цагаатгаж, суллагдаагүй үлдсэн “7-р сарын 1-ний” гэх тодотголтой иргэдийн хэргийг ахин сөхөж, суллаж өгөх. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдээс тэд харалзах хүнгүй зэрэг шалтгаанаар “сугарч үлдсэн” байх болзошгүй байна.
  2. “7-р сарын 1-ний үйл явдал”-ын үеэр шүүхийн тогтоолгүй цаазаар авахуулсан 5 иргэний амь насыг ахин ийм бузар хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн тулд өндрөөр үнэлэн ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгож, хариуцах ёстой гэмт этгээдүүдэд хуулийн өмнө тэгш эрхтэйгээр хариуцлагыг нь үрүүлэх.
  3. Олон улсын судлаачдын зүгээс Монголын ардчилалд өгсөн үнэлгээ, судалгааны тайланг Монгол улсын төр засаг ажил үүрэгтээ тусган хэргэжүүлэхийг шаардаж байна. Үүнд: 2005 оны IDEA Sweden интситутийн Монголын ардчиллыг дүгнэсэн дүгнэлт, 2008 онд “Арчдилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт” UNDEF, UNDP, ШУА-ийн ФСЭХ-ийн хамтарсан судалгаа зэрэг.

Дээр дэвшүүлсэн асуудлуудыг танай ажлын хэсэг анхааралдаа авч, шийдвэр гаргах төвшинд иргэний оролцоог хангаж, тэдний саналыг дүгнэлт, шийдвэртээ тусгадаг ардчилсан зарчмыг баримтлан “7-р сарын 1”-ний дүгнэлтэдээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна. 7-р сарын 1-ний хэрэг хэзээ ч хуучрахгүй.

“Улс төрийн онол, судалгаа, дүгнэлтүүдийн үндсэн дээр Монголын ардчиллыг үнэлэх нь” сэдэвт зуны академийн оролцогчдоос

2009 оны 09-р сарын 07, 08-ы өдөр

Нэгтгэн дүгнэсэн улс төрийн ухааны доктор А.Саруул

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.