МХЕГ-аас сортын тариаланд хянан баталгаа хийлээ
Энэ жил улсын хэмжээгээр 338.9 мянган тонн үр тариа, үүнээс: 335.5 мянган тонн буудай, 150.5 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 4.6 мянган тонн тосны ургамал, 13.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар ургац тогтоогдсон. Газар тариалангийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх, тариа будаа, төмс, хүнсний ногооны арвин ургац хураан авах нь олон хүчин зүйлээс шалтгаалдагын нэг нь үрийн чанарын асуудал байдаг билээ. Үр, сортын чанарт улсын зүгээс тавих хяналтын гол хэлбэр нь тариалангийн талбайд үр, сортын хянан баталгаа хийх явдал юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр ирэх жилийн тариалалтанд сайн чанарын сортын үр нөөцлүүлэх зорилгоор сортын тариаланд хянан баталгаа хийдэг билээ. Энэ жилийн хянан баталгааны ажлыг МХEГ-ын даргын 2009 оны 174 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу тариалан бүхий 22 аймаг, Эрдэм шинжилгээний 3 байгууллага, 23 улсын байцаагч, 7 аймгийн агрономич, 2- аймгийн шинжээч, 2- аймгийн сорт сорилтын салбарын эрхлэгч нарын оролцоотойгоор хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн байна.
Сортын хянан баталгаагаар дараа жил тариалах цэвэр сортын үрээ олж, шилж, тодорхойлж авахын тулд 8-9 дугаар саруудад үр тарианы аарцан бололт, төмсний цэцэглэлтийн үед тухайн тариалсан талбайд үр тариа, төмс хүнсний ногооны үрийн ямар сорт тариалагдсан болох, сортын хольц байгаа эсэхийг тодорхойлдог.
2009 оны үр тарианы сортын хянан баталгааг Архангай, Булган,Дархан-уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Ховд аймгуудын тариалангийн талбайд хийгдсэн ба Говь-алтай, Өвөрхангай аймгуудад үр авах талбай байхгүй учир сортын тариалангийн хянан баталгаа хийгдсэнгүй ээ.
Улсын хэмжээгээр 286,4 мянган га-д тариалсан бөгөөд 107,6 мянган га талбайд хянан баталгаа хийгдлээ. Үүнийг үр тариа, төмс, хүнсний ногооны төрлөөр нь авч үзвэл энэ жил 11 аймгийн 215 сумын 382 гаруй аж ахуй нэгж, байгууллага, иргэн, Эрдэм шинжилгээний 3 байгууллагын талбайг хамруулан үр тарианы 18 сортын 107,3 мянган га, хүнсний ногооны 6 сортын -4,22 га, төмсний12 сортын 323 га талбайд хянан баталгаа хийгдлээ. Сортын хянан баталгаанд хамрагдсан нийт 107660,8 га талбайн 62%-нь сортын цэвэршилтээрээ стандартын шаардлага хангаж байна. Хүнсний ногооны үрийн 4,22 га талбайд хянан баталгаа хийгдэж сортын цэвэршилтээрээ 100 хувь тэнцсэн дүнтэй гарлаа.
Манай оронд хоёр дахь таримлын үр болох арвай, хөх тариа хошуу будааны цэвэр сортын үрийн нөөц байхгүй болжээ. Арвай Сутай сортын үрийг Ховд аймаг Алтайн бүсийн Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үржүүлж байгаа бөгөөд хянан баталгаагаар сортын цэвэршилтээрээ 1- дүгээр зэрэгт тэнцсэн байна.
”Монгол төмс ” хөтөлбөрийн хүрээнд тариалагдсан 12 сортын төмсний үрийн 323,2 га талбайд хянан баталгаа хийгдлээ. Шинээр нутагшуулж байгаа Импала Санте, Витара сортууд нь өвчин, ган тэсвэрлэлт сайн, ургац өндөртэй байна.
Манай оронд газар тариалангийн гол бүс нутгуудад улаанбуудайн Алтайская-50, Бурятская-79, Сэлэнгэ, Дархан-74, Бурятская остистая сортын үрийг голлон тариалж байна.
Өнөө жилийн ургацын байдлаас үзэхэд, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ”Атрын 3 дахь аян тариалангийн хөгжлийг дэмжих үндэсний” хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургамал хамгаалах арга хэмжээнд зориулан хор, гербицидийг аж ахуй нэгжүүдэд хувиарлан олгосон, ургалтын хугацаанд хог ургамлын эсрэг гербицид цацан, техник технологийн шинэчлэлт хийж, ариутгасан үрээр тариалалт хийж, өнгөрсөн жил уриншийг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэсний үр дүнд өндөр ургац авах боломж бүрдсэн байна.
Энэ жил цаг агаар сэрүүн байсан тул соёололт удаарширч, хур бороо элбэг орсоноос дороосоо дахин ургах тарианы болц жигд бус байна.